Орхон аймагт "Завхан брэнд" үзэсгэлэн худалдаа болно

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-01-24 21:14:16

Завхан /МОНЦАМЭ/.Завхан аймгийн Засаг даргын “Сайн бизнесмен” хөтөлбөрийн хүрээнд жил бүр зохион байгуулдаг “Завхан брэнд” үзэсгэлэн худалдаа ирэх хоёрдугаар сарын 12-14-ний өдрүүдэд Орхон аймагт болно.

Энэхүү үзэсгэлэн худалдаа нь бизнес эрхлэгчдээ дэмжих, борлуулалтаа нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнээ олон нийтэд хүргэх нөхцөл бололцоог хангах зорилготой гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар үзэсгэлэн худалдаанд оролцох бизнес эрхлэгчдийг бүртгэх үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд Завханы 24 сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулдаг ажээ.

Энэ жил эсгий бүтээгдэхүүнүүд эрэлттэй байв

Завханы ЗДТГ, МҮХАҮТ-ын Завхан дахь салбар танхимын өнгөрсөн жил хамтран зохион байгуулсан Орхон аймаг дахь үзэсгэлэн худалдааны үеэр бизнес эрхлэгчид 187.5 сая төгрөгийн борлуулалтыг хийжээ.

Тус үзэсгэлэн худалдаанд Завханы 24 сумын 67 бизнес эрхлэгч оролцож 322 нэр төрлийн бүтээгдэхүүнийг борлуулжээ. Өнгөрсөн жил үзэсгэлэн худалдаагаар элдсэн нэхий болон, эсгийгээр хийсэн бүтээгдэхүүнүүд, сүү цагаан идээ хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн байсан. Мөн мод модон эдлэл, Завхан аймгийн үзэсгэлэнт газар нутаг, үүх түүхийг харуулсан бэлэг дурсгалын зүйлс мөн эрэлттэй бүтээгдэхүүн байсан. Тэгвэл энэ жил Завханы сүү цагаан идээ, жимс жимсгэнийн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд, эсгий, ноосон оймс, ширмэл ширдэг, нэхий дээл, булган болон үнэгэн лоовууз эрэлттэй байх болов уу. Учир нь энэ жил Завхан аймагт ноосоор хийсэн эсгий углааш, эсгий гоёлын малгай, тэмээний болон хонины ноосон оймсыг орон нутагтаа үйлдвэрлэж байгаа. Мөн эсгий ширмэл ширдэг, машины суудлын бүрээс, олбог гээд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний загвар, тоо хэмжээ нэмэгдсэн. Дээрх бүтээгдэхүүнүүд аймагтаа зохион байгуулсан үзэсгэлэн худалдааны эрэлттэй бүтээгдэхүүн болж байсан хэмээн МҮХАҮТ-ын Завхан дахь салбар танхимаас мэдээлэв. 



Холбоотой мэдээ