“Brexit”-д зориулсан зоосыг танилцуулжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-01-27 12:05:17

КИЕВ. /Ukrinform/. Их Британийг Европын Холбооны /ЕХ/ бүрэлдэхүүнээс гаргах үйл явдалд /Brexit/ тусгайлан зориулж цутгасан зоосыг ням гарагт танилцуулжээ.  


“Бүх үндэстний эв нэгдэл, энх тайван, хөгжил цэцэглэлт” гэсэн бичиг бүхий уг зоосон дээр мөн Их Британи ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарах үйл явц эхлэх 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг сийлжээ. 50 пенсийн нэрлэсэн үнэ бүхий энэхүү зоосыг Их Британийн Сангийн сайд Сажид Жавид танилцуулсан байна.


Гурван сая орчим ийм зоосыг банкууд, шуудангийн салбарууд, дэлгүүрүүдийн гүйлгээнд нэгдүгээр сарын 31-нд  оруулна. Дахин 7 сая зоосыг жилийн хугацаанд гүйлгээнд гаргахаар төлөвлөжээ.


Их Британийн Сангийн яам 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдөрт зориулж тусгай зоос цутгахаар төлөвлөж байсан боловч Brexit.-ийн хугацааг 10 дугаар сарын 31-нд болгож хойшлуулсан билээ. Үүний улмаас зооснуудыг 10 дугаар сарын 31-ний өдрөөр гаргасан боловч ЕХ-ноос гарах хугацааг дахин хойшлуулж, гаргасан зооснуудыг хайлуулахаас аргагүйд хүрсэн байна.


Их Британийг ЕХ-ны бүрэлдэхүүнээс гаргах тухай хуулийн төслийг тус улсын хатан хаан II Елизавета нэгдүгээр сарын 23-нд баталснаар хүчин төгөлдөр болсон тухай өмнө нь мэдээлсэн. Хуулийн уг төслийг Их Британийн парламентын хоёр танхим хоёул баталсан билээ.


Холбоотой мэдээ