Японы нисэх онгоц Уханиас хөдөлжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-01-29 07:28:41

ТОКИО. /Kyodo/. БНХАУ-д дэгдсэн коронавирусний халдварын тархалтын голомт Ухань хотод байгаа Японы иргэдийг эх орондоо авчрах эхний нисэх онгоц лхагва гарагийн өглөө Токио хот руу хөдөлсөн талаар тус улсын Гадаад хэргийн яам мэдээлжээ.


Ухань хотод байсан Японы 200 орчим иргэнийг тээвэрлэсэн нисэх онгоц Токио хотын “Ханэда” нисэх буудалд газардах бөгөөд эмнэлгийн ажилтнууд зорчигчдын биеийн байдлыг хянана. Коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас Хятадад мягмар гарагийн өглөөний байдлаар 106 хүн нас барж, 4500 гаруй хүнд халдварласны зэрэгцээ Япон, АНУ, Европ болон бусад оронд бүртгэгдсэн байна.


"Энэ сарын 28-ны байдлаар Ухань хотод амьдардаг, түр хугацаагаар очсон Японы 650 орчим иргэн эх орондоо эргэн ирэх хүсэлт гаргасан. Японы Засгийн газар тэднийг нутаг буцаахын тулд хэд хэдэн нисэх онгоц илгээхээр төлөвлөж байна" гэж Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.


Японы иргэдийг шилжүүлэн авах эхний нисэх онгоц мягмар гарагийн орой Уханийг зорьсон бөгөөд Хятадын талын хүсэлтээр амны хаалт, хамгаалалтын хувцас зэргийг уг нисэх онгоцоор хүргэжээ. АНУ иргэд, дипломатчидаа эх орондоо авчрахаар мөн мягмар гарагт нисэх онгоцоо Ухань руу илгээсэн бол БНСУ пүрэв, баасан гарагт Ухань руу нислэг үйлдэх төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ