Коронавирусний тархалт ойрын хугацаанд дээд цэгтээ хүрч магадгүй

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-01-29 14:10:24

ГУАНЖОУ. /Xinhua/. Шинэ төрлийн коронавирусний халдварын тархалт ойрын 7-10 хоногийн хугацаанд дээд цэгтээ хүрч магадгүй гэж Хятадын амьсгалын замын нэрт эмгэг судлаач Жун Наньшань мягмар гарагт “Xinhua” агентлагт ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.


“Тархалт хэзээ дээд цэгтээ хүрэхийг тооцоолоход маш хүндрэлтэй байгаа боловч би үүнийг 7-10 хоногийн дотор дээд цэгтээ хүрч, цаашид их хэмжээгээр нэмэгдэхгүй хэмээн таамаглаж байна” гэж тэрбээр мэдээлсэн байна.  


Уушгины хатгалгаа үүсгэдэг шинэ төрлийн коронавирусний тархалтыг хянах, урьдчилан сэргийлэх зорилгоор байгуулсан Хятадын мэргэжилтнүүдийн үндэсний багийн ахлагч Жун Наньшань нь Хятадын Инженерчлэлийн академийн эрдэмтэн ажээ.


“Тархалтыг бууруулах хоёр чухал арга хэмжээ бол эрт илрүүлэх, эрт тусгаарлах юм. Эдгээр нь хамгийн энгийн хийгээд хамгийн үр дүнтэй арга барилд тооцогдож байна” гэж тэрбээр хэлжээ. Мөн өндөр халуурах нь шинэ коронавирусний халдварын нийтлэг шинж тэмдэг хэвээр байна гэж нэмж хэлсэн байна.


“Тусгаарлаж, ажиглахад тохиромжтой хугацаа нь 10-14 хоног бөгөөд далд үе дуусахад өвдсөн хүмүүсийг нэн даруй эмчлэх шаардлагатай бол эрүүл хүмүүсийн хувьд зүгээр гэсэн үг юм. Хаврын баярын амралт дуусах үед үүсэх шилжилт хөдөлгөөний улмаас халдварын тархалт нэмэгдэхгүй. Гэсэн хэдий ч хянаж, шалгах арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэх хэрэгтэй” гэж Жун Наньшань хэлжээ. Мөн өвчтөнүүдийн амь насыг аврахын тулд эмнэлгүүдэд халдварт өвчний мэргэжилтнүүдээс гадна хүнд өвчнийг эмчлэх мэргэжилтнүүд хэрэгтэй гэж тэрбээр ярьжээ.

Холбоотой мэдээ