Говь-Угтаал сум хөхүүрийн үйлдвэрлэлийг брэнд болгоно

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-02-07 10:06:55
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Говь-Угтаал сум 2019 онд “ширэн хөхүүр”-т айргаа исгэхийг малчиддаа уриалж, ширэн хөхүүр хийх, арьс шир элдэж боловсруулах үйлдвэрлэлийг дэмжин ажиллажээ.

Тус сумын хувьд СХС-аас арьс шир боловсруулах, сур элдэх, хөхүүр хийх чиглэлийн гурван төслийг шалгаруулж, 35,0 сая төгрөгийн зээл олгожээ. Ингэснээр сумын хэмжээнд шинээр 20 орчим малчин өрх хөхүүр ашигладаг болсон бөгөөд 2020 онд ширэн хөхүүрийн хэрэглээг нэмэгдүүлж, энэ үйлдвэрлэлийг брэнд болгохоо сумын Засаг дарга Ө.Мөнх-Амгалан мэдэгдлээ.

Сүүлийн жилүүдэд хөдөөд хөхүүрийн айраг тун ховордсон. Малчид айраг исгэх болон сүү саалиндаа зориулалтын бус хуванцар савыг ашигладаг болсонд ахмад малчид дургүй байдаг.

Хүнсэнд ашиглаж байгаа зориулалтын бус хуванцар савны найрлагад ордог химийн бодис нь хүнсний бүтээгдэхүүнд шингэн, хүний биед орж хуримтлагдан олон төрлийн өвчний суурь шалтгаан болоод зогсохгүй хорт хавдар үүсгэдгийг мэргэжлийн байгууллагууд тогтоосон.

Айргийг ширэн хөхүүр, модон хувингийн алинд ч исгэж болох боловч хөхүүрт исгэсэн айраг нь илүү амт чанартай, хүний биед ашигтай байдаг хэмээн хашир туршлагатай малчид ярьдаг. Тиймээс тус сум ийнхүү 2020 онд 100 хувь ширэн хөхүүрт айргаа исгэх, “брэнд” болгох зорилт тавьжээ. 

Холбоотой мэдээ