Сайд Д.Сарангэрэл цагаан сарын баярыг хориглох саналаа илэрхийлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монгол Улсын иргэнийхээ хувьд, шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Цагаан сарын баярыг албан ёсоор хориглох саналтай байгаагаа нийгмийн сүлжээний цахим хуудсандаа өнөөдөр бичжээ.
Тэрбээр, "Биднийг унтаад босоход урд хөршид коронавирусний халдвартай хүний тоо 3387, амиа алдсан хүний тоо 86-гаар нэмэгджээ. Харин ХӨСҮТ-д тусгаарлан сэжиглэсэн есөн хүний хариу сөрөг гарч коронавирусний халдвар аваагүй нь тогтоогдлоо. Гэхдээ бид огт тайвширч болохгүй" хэмээсэн байна. Учир нь урд хөрштэй хиллэдэг улс орнуудын ихэнх нь шинэ коронавирусний халдвартай байгааг тэмдэглэхийн сацуу уг вирус тархах чадвар ихтэй гэдгийг дурджээ.
"Сар шинийн баяраар бууз, банш хийхээс эхлээд бөөндөө байх олон нөхцөлийг бүрдүүлдгийг бид хэлүүлэлтгүй мэднэ. Тэгвэл дэлхий тэр чигтээ бөөгнөрөл, шилжилт хөдөлгөөнийг хориглож хязгаарлаж байна. Олон улсын хурал, цуглааны тов хойшлогдож, урилгууд ч цуцлагдаж байна. Монголчууд бид айж тэвдэлгүй нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, шаардлагатай шийдвэрүүдийг шуурхай гаргаж хамтын хүчээр аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж эрсдэлийг бууруулж чадна. Миний санал Сар шинийн баярыг энэ удаа албан ёсоор цуцалж хайртай хүмүүсээ, тэр дундаа хөгшчүүлээ улмаар нийт монгол ахан дүүсээ аюулт өвчнөөс хамгаалах хэрэгтэй юм. Иргэн Д.Сарангэрэл” гэжээ.