Д.Цогтбаатар: Баялгийн сан байгуулахад улс төрийн шинэ соёл нэвтрүүлэх асуудал яригдана

Монголын мэдээ | Ярилцлага
ariunbold@montsame.mn
2020-02-10 11:33:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сарын 27-28-нд Норвегийн Хаант Улсад ажлын айлчлал хийсэн. Уг айлчлалын үр дүнгийн талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас тодруулав.


-Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегт хийсэн айлчлалын үеэр ярьсан гол асуудлууд нь юу байв?


-Айлчлалын үеэр Норвегийн Баялгийн сангийн туршлагыг Монголд нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх болон өвлийн спортыг хөгжүүлэх талаар голлон ярилцсан. Мөн яриа хэлэлцээг ажил хэрэг болгох, харилцан өндөр дээд хэмжээний айлчлал хийж байх асуудлыг ярьсан. Энэ үеэр хоёр орны Гадаад харилцааны яамдын уулзалт болсон.


-Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд Үндэсний баялгийн сан байгуулах асуудлыг тусгасан. Энэ чиглэлд Норвег Улс дэлхийд тэргүүлэгч орны нэг?


-Норвег Улсын Баялгийн сангийн хөрөнгө 2019 онд нэг их наяд ам. доллар давсан. Тус улсын баялгийн сангийн туршлагыг судлах, Монголд нэвтрүүлэх талаар олон жил ярьсан. Тиймээс олон жил ярьсан, судалсан зүйлсээ одоо ажил хэрэг болгох талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын Ерөнхий сайд хатагтай Эрна Солбергтэй уулзахдаа ярилцсан юм. Ингээд Норвегийн Баялгийн санг байгуулах ажлыг цаасанд буулгахаас эхлээд бодит ажил болгон хэрэгжүүлсэн мэргэжилтнүүдийг Монгол Улсад авч ирэх боллоо. Энэ асуудлыг ГХЯ-ны уулзалтын үеэр мөн ярьж, Монгол Улс мэргэжилтнүүдийг ойрын хугацаанд хүлээн авахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Бид ойрын гурван сарын дотор мэргэжилтнүүдээ хүлээн авах хүсэлтэй байгаа.


-Норвегийн Баялгийн сангийн туршлагыг нэвтрүүлэхэд нэн тэргүүнд юунд анхаарах шаардлагатай гэж та үзэж байна вэ?


-Энэ сан бол дэлхийн хэмжээний хөрөнгө оруулагч. Дэлхийн хамгийн ирээдүйтэй, найдвартай компанийн хувьцааг багцаар нь худалдан авч хөрөнгө оруулан, сангийн хөрөнгөө өсгөдөг. Гэхдээ хөрөнгөө өсгөх бус инфляцийн өсөлтийг сөрж, хөрөнгийн үнэ цэнээ хадгалахад гол бодлогоо чиглүүлж байгаа юм. Түүнээс биш дотооддоо хөрөнгө оруулдаггүй. Түүнчлэн ирээдүйд хувьцааных нь үнэ өснө гэсэн таамаглалаар гарааны бизнест хөрөнгө оруулах гэх мэт эрсдэлтэй “тоглоом” тоглодоггүй. Норвег 5.5 сая хүн амтай. Баялгийн хөрөнгийг иргэн бүртээ хуваарилбал нэг хүнд 200 мянган ам.доллар оногдох юм. Монгол Улсад сонгууль дөхөж байна. Манай улсад сонгуулиар бүх нөөц боломжийг ашиглаж, амлаж болох бүхнийг амладаг. Харин Норвегт энэ сангийн хөрөнгийг тараах талаар ямар ч популизм явдаггүй. Ардчилсан нийгэмтэй, улс төрийн сонгууль болдог энэ улсад намууд нь сангийн хөрөнгийг олон нийтэд тараах амлалт огт өгөхгүй байгаа нь улс төрийн том соёл. Тэгэхээр Баялгийн санг Монголд нэвтрүүлэх нь зүгээр нэг хууль, эрх зүйн орчин бүрдүүлж, дүрэм журам батлахаас гадна улс төрийн шинэ соёлыг нэвтрүүлэх асуудал яригдана.


-Айлчлалын үеэр хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар мөн дэлгэрэнгүй ярилцсан?


-Мал эмнэлгийн салбарыг хөгжүүлэхээр Норвегтэй хамтран төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн хүрээнд Монгол Улсын мал эмнэлгийн салбарыг хөгжүүлэх боломж, тулгамдаж буй асуудлын талаар хийсэн судалгааны дүнгээ Норвегийн Мал эмнэлгийн хүрээлэнгээс манайд танилцуулсан. Норвегийн улаан тарлан гэж сүүний болон махны чиглэлийн үхэр бий. Махны чиглэлийн нэг үнээ нь жилд 6000 литр, сүүний чиглэлийнх нь 9000 литр сүү өгдөг. Энэ үхрийг манайд нутагшуулж байгаа. Үүнийг цаашаа үргэлжлүүлж, сүү, сүүн бүтээгдэхүүний экспортоо нэмэх хэрэгтэй юм. Монгол Улс мах, сүү, сүүн бүтээгдэхүүнээ экспортод гаргахын тулд нэн тэргүүнд мал эмнэлгийн салбараа хөгжүүлэх ёстой. Энэ нь зөвхөн мах, сүүнээс гадна арьс ширний чанар сайжрахаас эхлээд хөдөө аж ахуйн салбарыг дагасан бусад аж үйлдвэрийн салбар хөгжих суурь болох юм.


-Өвлийн спортыг хөгжүүлэх талаар ямар тохиролцоонд хүрсэн бэ?


-Монгол Улс хамгийн урт өвөлтэй орнуудын нэг хэдий ч өвлийн спортын төрлүүд хөгжөөгүй. Олимпод цагаан хуудсаар ордог тул тамирчдаа бэлтгэхийн тулд дэд бүтцээ хөгжүүлэх хэрэгтэй. Тус улсаас цана, тэшүүр зэрэг техник хэрэгсэл, сургагч, дасгалжуулагч авах, спортын салбарын мэргэжилтнүүдээс нь зөвлөгөө авах санал тавьсныг Норвегийн тал дэмжсэн. Норвег өвлийн спорт хөгжих суурийг бүрдүүлэх үүднээс дунд сургуулиудынхаа дэргэд мөсөн гулгуурын талбай байгуулдаг. Үүнийг судалж, Монголд хөгжүүлэхээр ярьж байгаа юм. Ингэснээр өвөл хүүхдүүд гэртээ утас ухах бус эрүүл агаарт тоглож, эрүүл амьдралын хэв маягт суралцах боломжийг бүрдүүлэх юм. Хэдийгээр олимп гэсэн өргөн хүрээнд яриагүй ч Норвегийн Ерөнхий сайд “Танайх хэт сайжраад өвлийн спортоор өрсөлдөөд эхлэх юм биш биз” хэмээж байсан.


-Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Норвегийн аялагч Оскар Мамены хувийн цуглуулга дахь Монгол Улстай холбоотой эд зүйлсийн хуулбарыг манайд хүлээлгэн өгөхөөр тохирсон. Хэдэн үзмэрийн хуулбар хүлээлгэн өгөх вэ?


-Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Хаант Улсын Осло хотын Соёлын түүхийн музейгээр зочилсон. Норвегийн аялагч Оскар Мамены хувийн цуглуулга дахь Монгол Улстай холбоотой эд зүйлсийг дэлгэн үзүүлсэн юм. Тэрбээр 1912 онд Монгол Улсад аялж, судалгаа хийж байсан бөгөөд тухайн цаг үеийн монголчуудын түүх, соёлыг гэрэл зургийн хальсандаа буулгасан. Гэрэл зургаас гадна тухайн үеийн чамин хийцтэй хөөрөг, савхнаас эхлээд монголчуудын хэрэглэж байсан эд өлгийн зүйлс байгаа юм. Энэ үзмэрүүд Норвегт төдийгүй Монгол Улсын хувьд ч үнэт өв тул хуулбарыг хүлээн авах нь туйлын чухал. Ер нь XX зууны эхээр Дани, Швед, Норвег зэрэг Скандинавын орнуудын аялагч, судлаачид Монгол Улсаар аялсан байдаг. Энэ бүс эрс тэс цаг ууртай тул манай орноор аялахад тохиромжтой, дасан зохицоход хялбар байсан болов уу гэж бодсон. Оскар Мамены хувийн цуглуулгыг танилцуулсан Мариа Магдолна Татар, Мариа Картвейт нар нь монгол судлаач ээж охин хоёр. Өв залгамжлан Монголыг судалж байгаа гэсэн үг. Охиныг нь Монгол Улсад суралцах, судалгаа хийх батламж олгож, ээжийг нь Алтан гадас одонгоор шагнах үед монголчуудын цайлган сэтгэл, малчдын тусархуу, зочломтгой, сониуч зан чанарыг онцолж байсан.


-Монгол, Норвегийн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа ямар түвшинд байна вэ?


-Хоёр орны худалдааны эргэлт тийм ч их биш. Монгол Улсаас ноос, ноолуур, эсгий гутал экспортолж байгаа. Бүтээгдэхүүн экспортлоход хэмжээ, тоо ширхэг огт чухал биш. Эхний ээлжинд стандарт шаардлагыг нь бүрэн хангаад бүтээгдэхүүнээ нэвтрүүлсэн бол дараа нь үйлдвэрлэлээ нэмэхэд болно. Түүнээс биш нэг бүтээгдэхүүн олон ширхгээр үйлдвэрлэчихээд стандартыг нь хангаж чадахгүй бол боломж хаагдана. Манай эсгий гутал Норвегт нэг хэсэг моданд орсон. Тэгэхээр шинэ зах зээлд гарах боломж байгаа гэдэг нь харагдаж байна.


-Эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх ямар боломж байна гэж та харж байна вэ?


-Норвег бол газрын тос, хийгээр баялаг. Гэхдээ уул уурхайд хөрөнгө оруулдаггүй. Өөрийн орондоо байхгүй, нэмүү өртөг шингээсэн салбарт хөрөнгө оруулдаг. Арабууд мөн үүнтэй ижил. Энэ нь хөрөнгө оруулалтын талаар өдөөж ярихгүй байснаас нь үзэхэд Монгол Улсыг уул уурхайгаар төсөөлж, энэ салбарыг тойрсон улс төржилт, популизмаас болоод эрсдэлтэй гэж дүгнэдэг болов уу гэж би бодсон. Манай улс хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийнхээ экспортыг нэмэх хүсэлтэй байгаа. Хөдөө аж ахуйн салбарын гаралтай бүтээгдэхүүн бол хэзээд тасрахгүй, нөөц дуусахгүй.  Тиймээс энэ салбарт хөрөнгө оруулах асуудлыг судлах санал тавьсан. Өмнө нь норвегууд энэ өнцгөөс огт харж байгаагүй болов уу. Бид л өөрт байгаа боломж, нөөц бололцоогоо ярьж, таниулж, хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Ингэхгүй бол Монголоос өөр хөрөнгө оруулах улс дэлхийд олон бий. Тиймээс ч хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулахад нь дэмжиж, бүхий л судалгааг гаргаж өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Норвегийн тал ч энэ асуудлыг судалж үзнэ гэдгээ илэрхийлсэн. Цаашдаа хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг гэх мэт бүхий л салбарт өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

Холбоотой мэдээ