Хилийн цэргүүд идэвхтэн байгаль хамгаалагчийн ажлыг давхар хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-25 15:25:30

Өмнөговь аймгийн БОАЖГазраас хил хамгаалах байгууллагуудтайгаа хамтран ажиллаж байна.

Тус аймагт БНХАУ-тай хиллэдэг хилээ манаж буй хилийн цэргийн 0131 дүгээр ангийн 7 застав, 0166 дугаар ангийн 4 застав үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн онд 0131 дүгээр ангийн 7 заставаа идэвхтэн байгаль хамгаалагч болгож гэрээ байгуулан хамтран ажиллах болсноор застав бүрийн нийт бие бүрэлдэхүүн байгаль хамгаалах ажилд оролцох болсон аж. Мөн хилийн сумдынхаа байгаль хамгаалагч нараа хилчдэд туслах гишүүн болгосон байна. Ингэснээр байгаль хамгаалагч нь хил хамгаалахад, хил хамгаалагч нь байгаль хамгаалахад тус тусын үүргээ биелүүлэн ажиллах болжээ.

“Энэ ажил их үр дүнтэй байгаа. Хилийн зурваст ашигт малтмал хайж буй иргэдийг илрүүлсэн хэд хэдэн тохиолдол гарсан. Энэхүү үйлдлүүдийг тухай бүрд нь таслан зогсоосон. Заримынх нь металл хайгч нь хураагдсан байгаа. Энэ газрууддаа нөхөн сэргээлт хийх талаар бид ярилцаж байна” гэж Өмнөговь аймгийн БОАЖГ”ын дарга н.Дэндэвсамба ярилаа.

Мөн ан амьтанаа хэрхэн хамгаалах талаар заставуудынхандаа сургалт явуулж байгаа ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ