ӨМНӨГОВЬ: Цахим хөгжлийг дэмжих “Хурдан икт” клубийг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-10-23 16:40:29

Даланзадгад, 2025 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. “Цахим үндэстэн” бодлогын хүрээнд Өмнөговь аймагт “Хурдан икт” клубийг энэ сарын 22-ны өдөр байгууллаа.

 

Клубийн нээлтийн үйл ажиллагаанд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны салбарын хяналтын газрын дарга С.Цагаанхүү, Өмнөговь аймгийн Хөгжлийн бодлого зохицуулалтын албаны дарга Ц.Золбоо болон Говийн бүсийн дата төвийн дарга Б.Чинбат болон мэдээлэл технологийн ажилтнууд оролцлоо.

Цахим хөгжлийг дэмжих хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны “Цахим үндэстэн” бодлогыг хангах ажлын хүрээнд тус нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна.

 

Тус клубийн үйл ажиллагаанд харилцаа холбоо, мэдээлэл технологийн чиглэлээр ажиллаж буй төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд оролцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, туршлагаа солилцон ажлын бүтээмж цахим шилжилтийг нэмэгдүүлэхээр зорин ажиллах юм.


Цаашид клубийн хамт олон мэдээлэл харилцаа холбооны дэвшилтэт технологийн чиглэлээр мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, хөгжлийн үйл ажиллагаа явуулах, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, клуб хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр уулзалт зөвлөгөөн, бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх зэрэг нөлөөллийн ажлыг эрчимжүүлэн зохион байгуулахаар төлөвлөжээ.  

 

Энэхүү ажлыг хэрэгжүүлснээр орон нутагт цахим шилжилтийг хурдасгаж, төрийн үйлчилгээг илүү үр дүнтэй, хүртээмжтэй хүргэхэд чухал ач холбогдолтой юм.

 

Холбоотой мэдээ