Ажлын байрны захиалгын тоо 2.3 дахин нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-02-12 12:45:09
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ХХҮГ-ын мэдээгээр тус байгууллагын мэдээллийн санд бүртгэлтэй ажил хайгч иргэдийн тоо энэ оны нэгдүгээр сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 12,6 хувиар буурсан бол ажлын байрны захиалгын тоо 2.3 дахин нэмэгдсэн байна.

Тодруулбал, ажил идэвхтэй хайгч 478 иргэн байгаа бол харин тухайн сарын байдлаар ажлын байрны захиалгын тоо 89 байжээ. Ажил хайгч иргэдийн тоо хэдийгээр ажлын байрны захиалгын тооноос олон байгаа ч тухайн ажлын байрны шаардлагад нийцдэггүй байна.

ХХҮГ-аас захиалгатай 73 ажлын байранд иргэдийг зуучлан ажилд оруулснаар нийт ажлын байрны 82 хувийг хангасан аж.

Дээрх захиалгатай ажлын байранд мэргэжилтэн, техникч болон туслах, дэд мэргэжилтэн, худалдаа үйлчилгээний ажилтан, энгийн ажилтан, зэвсэгт хүчний ажилтан шаардлагатай байжээ.

Дундговь аймгийн хэмжээгээр төр, хувийн хэвшлийн байгууллагуудад ажиллах хүний нөөц, боловсон хүчний асуудал нэлээд тулгамдаж байгаа. Төрийн байгууллагуудад хөдөө аж ахуй, мал эмнэлэг, газрын харилцаа, инженер техникийн мэргэжилтэн, сувилагч зэрэг мэрэгжилтний эрэлт их байгаа бол хувийн хэвшлийн байгууллагуудад тогтвортой, ачаалал дааж ажиллах ажилтан хэрэгтэй байгааг бизнес эрхлэгчид онцолдог.

Зарим сумын ЗДТГ-аас 12 дугаар анги төгссөн сурагчидтай гэрээ байгуулж, төлбөрийг нь төлж, сумандаа хэрэгцээтэй байгаа мэргэжилтнийг бэлтгэж байгаа туршлага байна. Гэхдээ хөрөнгө, санхүүгийн байдлаас шалтгаалан хэрэгцээтэй байгаа бүх мэргэжилтнээ бэлтгэх боломж хомс байгаа юм.

Холбоотой мэдээ