Д.Трамп Мексиктэй залгаа хил дээр тогтоосон онцгой байдлыг сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-02-14 11:04:42

ВАШИНГТОН. /TASS/. Мексиктэй залгаа АНУ-ын хилийн бүсэд тогтоосон онцгой байдлын хугацааг хоёрдугаар сарын 15-ны өдрөөс нэг жилээр сунгасан тухай мэдэгдлийг Ерөнхийлөгч Дональд Трамп Конгрессод хүргүүллээ гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.


“Өмнөд хилийн бүсэд үргэлжилж буй хүмүүнлэгийн болон аюулгүй байдалтай холбоотой хямрал үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэвээр байна. Гүйцэтгэх засаглал энэ хямралыг тогтоон барих арга хэмжээ авлаа. Цаашид хүмүүнлэгийн хямралыг зохицуулах, хууль бус шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, хар тамхины наймааг таслан зогсоох арга хэмжээ авах шаардлагатай байгаа тул би өмнөд хил дээр тогтоосон онцгой байдлын дэглэмийг сунгах шийдвэр гаргалаа” гэж баримт бичигт дурдсан байна.


АНУ-ын Конгрессын Сенат болон Төлөөлөгчдийн танхим өнгөрсөн онд онцгой байдлын дэглэмийг цуцлахыг оролдсон боловч Ерөнхийлөгчийн хоригийг давж чадаагүй байна.


Холбоотой мэдээ