Зорчигч 35 хувиар цөөрсөн ч автобусны тоог бууруулахгүй

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-02-14 15:35:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавирусний халдвараас сэргийлэх хөл хорионоос үүдэж нийтийн тээврээр зорчигсдын тоо 35 хувиар багасжээ. 

Зорчигчдын 20 орчим хувийг оюутан, 15 хувийг сурагчид эзэлдэг байна. Гэвч өнөөдрийн байдлаар нийтийн тээврээр зорчигчдын дунд тэдний эзлэх хувь буурсныг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ. Нийслэлд өнөөдөр 94 чиглэлд 924 автобус үйлчилж байна. Хэдийгээр зорчигчдын тоо буурсан ч хүйтний улирал дуусаагүй байгаа учраас үйлчилгээнд гарч буй автобусны тоог бууруулахгүй юм байна.

Иргэд амралтын өдрүүдэд гэр бүлээрээ ууланд алхах нь нэмэгдсэн. Тиймээс Нийтийн тээврийн үйлчилгээний газраас Хөгжим бүжгийн коллежоос (Консерватори) Богдхан уул хүртэл нийтийн тээврийн автобусны шинэ чиглэл нэмж, 4 автобус үйлчилгээнд гаргаад байгаа аж.

Холбоотой мэдээ