Экспорт 24 хувиар, импорт 6 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-17 11:23:46
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс 2020 оны 1 дүгээр сард нийт 116 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 932.3 сая ам.доллар, үүнээс экспорт 459.0 сая ам.доллар, импорт 473.3 сая ам.долларыг эзэлж байна.


Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 178.9 (16.1%) сая ам.доллар, үүнээс экспорт 148.2 (24.4%) сая ам.доллароор, импорт 30.7 (6.1%) сая ам.доллароор тус тус буурчээ. Гадаад худалдааны тэнцэл 2020 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 117.5 сая ам.доллароор буурч, 14.3 сая ам.долларын алдагдалтай гарлаа.


Экспорт өмнөх оны мөн үеэс 148.2 сая ам.доллароор буурахад боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт хийгдээгүй, зэсийн баяжмалын экспорт 43.2 сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөлсөн байна. Импорт өмнөх оны мөн үеэс 30.7 сая ам.доллароор буурахад суудлын автомашины импорт 15.4 сая ам.доллар, ачааны автомашины импорт 10.8 сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөлжээ. 


Манай хоёр хөрш улс нь гадаад худалдааны нийт эргэлтэд хамгийн өндөр дүнг эзэлж, БНХАУ-тай 561.2 сая ам.долларын худалдаа хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 60.2 хувийг, нийт экспортын 95.1 хувийг эзэлж байна. БНХАУ-д гаргасан бараа бүтээгдэхүүний 44.2 хувийг чулуун нүүрс, 26.1 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Их Британи Улсад экспортолсон барааны 92.4 хувийг, Сингапур Улсад экспортолсон барааны 87.3 хувийг чулуун нүүрс, ОХУ-д экспортолсон барааны 90.7 хувийг жоншны экспорт эзэлж байна.


Импортын гол түнш улсуудын дүнг авч үзвэл, 2020 оны 1 дүгээр сард, ОХУ 40.3, БНХАУ 26.4, Япон Улс 6.9, ХБНГУ 4.4, АНУ 3.2 хувийг тус тус эзэлж, нийт импортын 81.2 хувийг бүрдүүлж байна. ОХУ-аас импортоор оруулсан барааны 59.8 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 72.1 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 8.2 хувийг цахилгаан эрчим хүч, 2 хувийг ачааны тэрэг, үлдсэн хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзэлж байна.

Холбоотой мэдээ