Зайрмагийн үйлдвэрт гарсан галыг унтраав

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-02-17 11:05:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн гал унтраах ангиуд Сонгинохайрхан дүүрэг дэх зайрмагийн үйлдвэрт гарсан галыг унтраав. 

Галын дуудлага 2 дугаар сарын 14-ний 04:06 цагт Нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага зарлан мэдээлэх төвд ирсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 4 ангийн 38 алба хаагч, 10 автомашинтайгаар ажиллаж Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд байрладаг "Орос гэрэл" ХХК-ийн "Хүрээ амт" зайрмагийн үйлдвэрт гарсан гал түймрийг бүрэн унтраалаа.

Түймэрт хүний амь нас эрсдээгүй байна. Галд өртсөн барилгатай залгаа баригдсан 18х18 метр хэмжээтэй оффисын барилга, 4 автомашиныг авран хамгаалж ажилласан байна. Гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын жижүүрийн байцаагч, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээч, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг хийж ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Холбоотой мэдээ