АНУ-ын ХААЯ-тай хамтран ажиллахаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-02-18 12:38:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле АНУ-ын Вашингтон хотноо тус улсын ХХААЯ-ны  Гадаад бодлогын газрын дарга Даниел Витлитэй уулзлаа. 

Уулзалтаар хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх эрмэлзлээ нотолж, салбарын бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулж, нээлттэй санал солилцов. Дэд сайд Ж.Сауле “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай” хуульд Монгол Улс чухал ач холбогдол өгч байгааг онцлон тэмдэглээд, хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн хөгжүүлэхийг уриаллаа. 

“Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай” хууль нь Монгол Улс, АНУ-ын худалдаа, эдийн засгийн харилцааг харилцан ашигтай байдлын үндсэн дээр өргөжүүлж, хөрөнгө оруулалтын боломжуудыг нэмэгдүүлж, хамтын ажиллагааны шинэ салбар, чиглэлийг нэвтрүүлэх, техник туслалцаа авах, хүний нөөцийг чадавхжуулах зорилготойг тэрээр онцлов. Цаашид Монгол Улс стратегийн түнш гуравдагч хөрш АНУ-тай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлж, хамтран ажиллахаа дэд сайд Ж.Сауле илэрхийлэв. Уулзалтад Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр оролцлоо. 


ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле 2 дугаар сарын 10-14-нд АНУ-д айлчилж, Вашингтон хотод болсон "Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаа, Монгол Улсыг сурталчилсан өдөрлөгийн нээлтэд оролцсон юм. Дэлхийн банкны байранд болсон "Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаанд манай улсын 40 орчим ААН, бизнес эрхлэгч нар оролцож, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн, гоо сайхан, бэлэг дурсгал, үндэсний хувцас эдлэлээ толилуулсан юм.


Холбоотой мэдээ