БНХАУ-ын цэргийн эмч, сувилагч нарт зориулж тусламж гардуулав

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2020-02-18 15:04:06
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ-ын санаачилгаар төвлөрүүлсэн 65 сая төгрөгийн тусламжийг шинэ коронавирусний халдварын голомтод ажиллаж буй БНХАУ-ын цэргийн эмч, сувилагч нарт хүргүүлэхээр БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Чай Вэньруйд өнөөдөр гардуулав.


Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, цэргийн нэгдсэн холбооны ЕНБД, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо тусламж гардуулах үеэр “Зовох цагт нөхрийн чанар танигдана” хэмээх үгийг тодотгоод БНХАУ-д цэргийн сургууль төгсөгчид болон цэргийн эмч, сувилагчдын төлөөллийн чин сэтгэлийн дэм, урам зориг хайрласан ил захидлыг хавсаргалаа.



Энэхүү тусламжийн аянд БХЯ, ШШГЕГ, Цэргийн төв эмнэлэг, ҮБХИС, “Энхийн төлөө” цогцолбор, ХХЕГ, ОБЕГ-ын албан хаагчид, “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн бие бүрэлдэхүүн нэгджээ. 


Дээрх тусламжийг БНХАУ-ын өвчлөлийн голомтын бүс нутагт ард түмнийхээ эрүүл энхийн манаанд бүх сэтгэл, зүрхээ зориулан ажиллаж буй цэргийн эмч, сувилагч, бусад ажиллагсдад тусгайлан зориулж буй аж. Аливаа улс оронд гамшиг, аюул ямар ч нөхцөлд нэн тэргүүнд онцгой үед, улаан шугаманд цэргийн байгууллагын ажилтан, албан хаагчид дайчлагдан ажилладаг гэдгийг онцоллоо.

Холбоотой мэдээ