Цасан болон шороон шуургатай байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-02-19 19:07:04
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 18, 19-нд Баянхонгор аймгийн хангайн уулархаг нутаг болон говийн нутгийн зарим хэсгээр цас орно. Мөн хугацаанд салхи говийн нутгаар 12-14 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурахыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Тиймээс малчдыг малын бэлчээрт анхаарч, малаа ойр байлгах, бага насны хүүхдийг мал хариулгад явуулахгүй байх, малтайгаа уруудах, шуурганд төөрөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүллээ.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй, гадагш явуулахгүй байх, жолооч нар шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд зорчихгүй байх, зорчсон тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг онцгойлон анхааруулж байна.
Цаг агаарын дээрх нөхцөл байдалд тог цахилгаан тасрах, гал түймрийн эрсдэл гардаг тул нийт ард иргэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав.
Холбоотой мэдээ