Өрхийн орлогод цалин хөлс голлож байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-02-18 17:45:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ны мэдээгээр өрхийн сарын дундаж нийт орлого 2019 оны 4 дүгээр улирлын дүнгээр 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 173.2 мянган төгрөгөөр буюу 14.4 хувиар өсжээ. Үүнд цалин хөлсний орлого 86.8 (14.5 хувь) мянган төгрөг, ХАА-н үйлдвэрлэлийн орлого 26.6 (25 хувь) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар өрхийн сарын дундаж нийт орлогын 91.7 хувийг мөнгөн орлого, 4.4 хувийг бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн, 3.9 хувийг өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн эзэлж байна. 

Өрхийн сарын дундаж мөнгөн орлогыг бүтцээр нь авч үзэхэд цалин хөлсний орлого 54.4 хувь, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 18.3 хувь, ХАА-н үйлдвэрлэлийн орлого 10.5 хувь, бусад орлого 9.5 хувь, ХАА-н бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 7.3 хувийг тус тус эзэлж байна.

Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэвэл, 2019 оны 4 дүгээр улиралд 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх улсын хэмжээнд нийт өрхийн 3.9 хувь, 300-500 мянган төгрөгийн орлоготой өрх 13.0 хувь, 500-700 мянган төгрөгийн орлоготой өрх 12.7 хувь, 700-900 мянган төгрөгийн орлоготой өрх 14.0 хувь, 900 мянгаас 1.1 сая төгрөгийн орлоготой өрх 11.5 хувь байна. 

Харин 1.1 сая  төгрөгөөс дээш орлоготой өрх 44.9 хувь байна. Хот, хөдөөгөөр нь авч үзвэл, хотын нийт өрхийн 52.7 хувь, хөдөөгийн нийт өрхийн 30.7 хувь нь 1100 мянган төгрөгөөс дээш орлоготой байна.

Улсын хэмжээнд 500 мянган төгрөг хүртэлх мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын бүтцийг авч үзвэл:

  • цалин хөлсний орлого 19.2 хувь, 
  • тэтгэвэр, тэтгэмжийн орлого 52.3 хувь, 
  • ХАА-н үйлдвэрлэлийн орлого 16.7 хувь, 
  • ХАА-н бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 3.6 хувь, 
  • бусад орлого 8.2 хувийг эзэлж байна.


Сард 1600 мянган төгрөгөөс дээш мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын бүтцийг авч үзвэл, цалин хөлсний орлого 59.2 хувь, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 8.9 хувь, ХАА-н үйлдвэрлэлийн орлого 9.4 хувь, ХАА-н бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 9.7 хувь, бусад орлого 12.8 хувийг тус тус эзэлж байна.

Өнгөрсөн хугацаанд өрхийн сарын дундаж нийт зарлага 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 206.8 (16.7 хувиар) мянган төгрөгөөр өслөө.


Холбоотой мэдээ