АХБ-ны шинэ суурин төлөөлөгч ажилдаа ороод байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-02-19 20:15:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АХБ-ны Монгол Улс дахь шинэ суурин төлөөлөгчөөр Павит Рамачандран томилогдон ажилдаа ороод байна. Тэрбээр АХБ ба Монгол Улсын Засгийн газар түүнчлэн хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл, хөгжлийн бусад түнш хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог ханган ажиллаж суурин төлөөлөгчийн газрыг тэргүүлэх юм. 

Ноён П.Рамачандран бүс нутгийн хэмжээний болон улс орны түвшний олон томоохон төсөл боловсруулж, удирдан хэрэгжүүлсэн  23 жилийн туршлагатай чадварлаг мэргэжилтэн аж. Тэрээр хөдөөгийн хөгжил, байгаль орчин, эрчим хүч, усны нөөцийн удирдлага зэрэг салбарын хөрөнгө оруулалтын төслүүд дээр ажиллаж байжээ. Өмнө АХБ-нд бүс нутгийн хамтын ажиллагааны зөвлөх, АНУ-ын менежментийн зөвлөх компанид уур амьсгалыг өөрчлөлтийг бууруулах стратеги, эрчим хүчний бодлогын зөвлөхийн албыг хашиж байсан аж.


Тэрбээр ажлаа хүлээн аваад "Азийн хөгжлийн банк нь Монгол Улсын Засгийн газартай 28 жилийн турш ажилласан урт удаан, нягт хамтын ажиллагааны түүхтэй. Бид улс орны өмнө тулгарч буй нийгэм, эдийн засгийн тулгамдсан хэрэгцээг хангахад чиглэсэн санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Мөн жендэр, уур амьсгалын өөрчлөлт, хувийн хэвшил зэрэг шинэ чиглэлүүдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэх болно" гэж өнөөдөр хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлчидтэй уулзах үеэр онцлов.

Б.Болд


Холбоотой мэдээ