Б.Очирхуяг: Чанартай цахим хичээл бэлтгэхийг багш нартаа шаардаж байна

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-02-20 17:49:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал, доктор Б.Очирхуягтай тус сургуулийн цахим хичээлийн талаар ярилцлаа.

-Улс даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж хорио цээр тогтоосонтой холбоотой их, дээд сургуулиудын сургалт цахим хэлбэрт шилжсэн. МУИС-д цахим сургалт хэрхэн явагдаж байна вэ?

-Орон даяар хорио цээр тогтоож боловсролын байгууллагын танхимын сургалтыг зогсоож зайн хэлбэрт шилжүүлсэн. Энэ шийдвэр гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл байсан бол өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ хугацааг 3 дугаар сарын 30-ныг хүртэл сунгалаа.

МУИС-ийн хувьд багш нартаа лекц, семинарын материалыг цахим болгох зааварчилгаа, зөвлөмж, удирдамж бэлтгэн хүргүүлсэн. Удирдамжид багш нарын материал заавал аудио тайлбартай байх, хичээлийн хуваарь дахь хугацаанд материалаа заавал оруулсан байх, хичээл бүр мэдлэгийг шалгасан асуулга, даалгавартай байх мөн даалгавар гүйцэтгэх хугацаа 7 хоног байхаар заасан. Багш нарын даалгавар оруулсан болон оюутны даалгавраа эргүүлэн илгээсэн байдлаар багш, оюутны ирцийг бүртгэж байгаа. Энэ нь хичээлээр олгодог мэдлэг хоорондын уялдаа, залгамж холбоо, сургалтын тасралтгүй байдлыг хангадаг цахим сургалтын технологи юм. Мөн хорио цээр дуусаж танхимын сургалт эхэлмэгц оюутнуудад цахим хичээлээр заасан сэдвүүдээр тойм лекц оруулах удирдамжийг багш нартаа өгөөд байна. Өөрөөр хэлбэл, танхимын сургалтын эхний хичээл цахим сургалтаар заасан хичээлүүдийг бататгасан, тоймлосон лекц байна гэсэн үг.

-Оюутнууд цахим сургалт чанаргүй, багш нар материалаа хугацаанд илгээхгүй байна, даалгавар хэтэрхий хүнд гэх мэт гомдол гаргасан байна билээ. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?

-Цахим сургалт өөрийн технологи, онцлог, арга зүй, сургалтын хэрэглэгдэхүүн орчин нөхцөл шаарддаг. Энэ нь амьгүй материал өгөөд суралцагч бие даан суралцах тухай ойлголт биш. Сургалт бол багш суралцагчдын харилцаа, зөвлөгөө, хэлэлцүүлэгт тулгуурладаг онцлогтой. Иймээс цахим сургалтад шилжихэд тодорхой урьдчилсан бэлтгэл, багш суралцагчдыг сургах нь  чухал. Улс оронд үүссэн онцгой нөхцөлд гэнэт бүх хичээл цахим сургалтад шилжихэд багш, оюутнууд бүрэн бэлтгэлтэй байгаагүй гэж хэлж болно.

МУИС-д 700 гаруй багш сургалтад оролцдог, долоо хоногт 4800 гаруй хичээл орох хуваарьтай. Өөрөөр хэлбэл энэ бол маш том бүтэц. Ахисан түвшний болон лаборатори, дадлагын ажлыг оруулаагүй үзүүлэлт. МУИС сургалтын чанараа бууруулахгүйн тулд цахим сургалтын стандартын дагуу лекц, семинарын материал илгээх, хичээл бүрт асуулга, даалгавраар мэдлэгийг нь шалгах, зөвлөгөө өгөх, хэлэлцүүлэг өрнүүлэхийг багш, оюутнуудаас шаардаж байна. Оюутнууд зарим их сургуулийн даалгавар шаардахгүй, ирц бүртгэхгүй, хичээлийн материалыг 6 сар хүртэл үзэж судлах боломжийг нээж байгааг жишээ болгон ярьж байна. Энэ нь цахим сургалтын үндсэн зарчим, сургалтын технологид нийцэхгүй, сургалтын агуулгын уялдаа холбоо, тасралтгүй байх чанарт нийцэхгүй тул МУИС энэ асуудлыг дэмжихгүй. Хэдийгээр МУИС-ийн 700 гаруй багшийн нас, цахим сургалтын туршлага, мэдээллийн технологийн чадвар харилцан ялгаатай ч онцгой нөхцөл байдлыг ойлгож бүгд цахим хичээлийн материалаа бэлтгэж, оюутнуудтайгаа харилцаж, зөвлөж тусалж байгааг онцгойлон дурдах нь зүйтэй.

Одоогоор, албан ёсоор 11 багш хичээлийн материалаа өгөөгүй гэсэн гомдол ирснийг МУИС-ийн Захиргаанаас хянаж багш нарт анхааруулга, удирдамж өгсөн. Энэ нь цахим хичээл орж буй 700 гаруй багш биш, зөвхөн 11 багшийн л асуудал байгаа юм. Багш, оюутны аль аль талаас туршлагагүйтсэн тохиолдол гарч байна. Багш даалгавар үүсгэхдээ хугацаагаа буруу тооцоолсон, оюутан даалгаврын хугацаагаа анзаарахгүй өнгөрсөн зэрэг үл ойлголцсон байдлууд бий. Гэхдээ долоо хоногийн 4800 гаруй хичээлийн материал илгээсэн, даалгавар үүсгэснийг хянаж чадахаас биш агуулгын түвшинд хянах боломжгүй. Үүнийг гомдлын дагуу шийдвэрлэж байна.

-Цахимаар сургалт орж байгаа учраас сургалтын төлбөрөө буцааж авна, цахим сургалт бол чанаргүй гэх мэт гомдлыг оюутнууд гаргаж байна. Энэ тухайд?

-Цахим сургалт дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хэлбэрийн нэг. Цахим сургалтын төлбөр танхимын сургалтын төлбөрөөс бага байх ёстой гэсэн зүйл байхгүй. Цахимаар сургалт орж байгаа тул оюутнууд төлбөрөө буцааж авна гэхчлэн ярьж байна. Тийм зүйл байхгүй шүү. Харин бид оюутны төлсөн төлбөрт нийцэхүйц чанартай хичээл бэлтгэхийг багш нараасаа шаардаж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээгээр МУИС-ийн цахим сургалтын талаар сөрөг мэдээлэл түгээж, нийт багш нарыг хичээл зүтгэлийг үгүйсгэсэн мэдээлэл их гарч байгаад харамсаж байна. Цаашид онцгой нөхцөл байдлыг харилцан ойлголцож, хамтран даван туулах нь чухал гэдгийг анхаарч тодорхой асуудалгүй, нэр хаяггүйгээр албан бусаар МУИС-ийн нэр хүндэд халдаж, багш нарын хичээл зүтгэлийг үгүйсгэхгүй байхыг хүсье. Оюутнууд ч цаашид насан туршид нь шаардагдах цахим орчинд суралцах чадвар эзэмших нэг боломж гэж үзэн хичээх шаардлагатай байна. Нөгөө талаар онцгой нөхцөлийн үед хувь хүний хүсэл, өөрт зохицсон нөхцөл байдлыг шаардах гэхээс илүүтэй нийтийн эрх ашгийг хувийн эрх ашгаас илүүд үзэж энэ үеийг даван туулах иргэн хүний хувиар хариуцлагатай хандах нь зүйтэй.

-Хөдөө, орон нутагт байгаа оюутнууд цахим хичээл үзэх интернэтийн асуудал хүнд байгаа талаар гомдол гаргаж байна. Интернэтийн боломж бололцоогүй гэх оюутнуудын асуудлыг шийдвэрлэх арга зам бий юу?

-Суралцагчид интернэтийн бололцооноос хамааран ихэвчлэн гар утаснаас цахим сургалтад оролцож байна. Тиймээс МУИС-иас их сургуулиудын удирдлагын систем (МУИС-ийн хувьд http://sisi.num.edu.mn) болон хичээлийн видео байршуулсан серверүүдэд хандах дата хэрэглээг үнэ төлбөргүй болгох уриалгыг гаргасан.  Үүрэн холбооны компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд манай уриалгыг дэмжин, Монгол Улсын ирээдүй хойч үе болсон залуустаа оюуны хөрөнгө оруулалт хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

 

Холбоотой мэдээ