Бэлэн бусаар оногдуулсан торгуулийг нөхөн төлүүлэх аяныг өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-02-26 12:40:46

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Цагдаагийн Ерөнхий газраас өгсөн үүрэг, Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөн иргэдэд бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгуулийг нөхөн төлүүлэх арга хэмжээг зохион байгуулах аяныг аймгийн хэмжээнд өрнүүлж эхэллээ.

Аяны хүрээнд иргэд үүргээ ухамсарлах, төрийн албан хаагчид манлайлан оролцохыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар, Санхүүгийн хяналт, аудитын албанаас аймгийн нийт иргэд, төрийн албан хаагчиддаа уриалж байна. Тодруулбал  төрийн албан хаагч, иргэн та авто тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж зөрчин бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгуулийг 2017 оноос хойш төлөөгүй бол яаралтай төлж барагдуулахыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын ЗЦТ-ийн дарга, хошууч А.Эрдэнэзул анхааруулж байлаа. 2019 онд тус аймагт бэлэн бусаар 19532 хүнд 651,532,500 төгрөгийн торгууль оногдуулснаас 3670 хүнийг 180,952,500 төгрөгөөр торгосон торгуулийг төлүүлж 15589 хүний 461,960,000 төгрөгийн торгууль нөхөн төлөгдөөгүй байна. Харин он гарсаар бэлэн бусаар 3366 хүнд 96417575 төгрөгийн торгууль оногдуулснаас 281 хүний 28,537,525 торгосон торгуулийг төлүүлж, 3055 хүний 67,325,050 төгрөгийн торгууль нөхөн төлөгдөөгүй байгаа учраас торгууль нөхөн төлүүлэх түр ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ