Нийслэлийн Засаг дарга Баруунтурууны шалган нэвтрүүлэх товчооны ажилтай танилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-02-24 23:03:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Баруунтурууны шалган нэвтрүүлэх товчооны ажилтай өнөөдөр танилцлаа.


Улсын онцгой комисс энэ сарын 20-нд хуралдаж, Цагаан сараар буюу энэ сарын 23-ны 08.00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэл аймаг, хот хоорондын хөдөлгөөнийг зогсоохоор шийдвэрлэсэн юм. Уг шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш иргэд нийслэлд нэвтрэх болон гарах шалган нэвтрүүлэх товчоонд ажиллаж буй цагдаагийн алба хаагчдын тавьсан шаардлагыг дуулгавартай хүлээн авч байгааг албаныхан хэлж байлаа. Түүнчлэн дээрх шийдвэр албан ёсоор хэрэгжиж эхэлснээс хойш нийслэлд нэвтрэх зөвшөөрөлгүй 6 автомашин ирснийг буцаасан байна.


Нийслэлийн эргэн тойронд нийт 16 цэгт цагдаа, эрүүл мэнд, онцгой, мал эмнэлгийн алба хаагчид ажиллаж байна. Тодруулбал, нийслэлийн найман шалган нэвтрүүлэх товчоо болон нэвтэрч болох бусад даваа гүвээнд найман цэг ажиллаж байгаа аж. Бусад даваа, гүвээгээр өнөөдөр дөрвөн автомашин нэвтрэхээр завдсаныг саатуулан буцаажээ.

Холбоотой мэдээ