Сум хооронд тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-02-27 17:05:05

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, хот, аймаг, сум хооронд тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 3 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хязгаарлалаа.

Шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд хот хоорондын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо болон Арвайхээр сумын хэмжээнд бүсчилсэн хяналтын 12 пост гарч, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Мөн 19 сумын хэмжээнд 80 орчим хяналтын пост байгуулж, 200 гаруй төрийн албан хаагч хөдөлгөөнт хяналтаар үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Гэвч сар шинийн баяр болж байгаатай холбогдуулан иргэд гэрээс гарч, золголт хийх явдал тасрахгүй байгаа бөгөөд хулгайн замаар хөдөө явснаас болж, цасанд суух, төөрөх зэрэг эрсдэлд орж байгаа аж. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хүндэтгэх шалтгаантай буюу ар гэрийн гачигдал, эмнэлгийн яаралтай тусламж, албан ажлын зайлшгүй шаардлагын улмаас аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл аван хот хооронд нэвтэрч болно. Бусад тохиолдолд хөл хорио тогтоосон цэгээс нэвтрэхийн оролдвол 150 мянган төгрөгөөр торгох юм.

Холбоотой мэдээ