Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ сэрэмжлүүлэг гаргажээ

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-02-27 16:29:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-д коронавирусний халдвар ойрын өдрүүдэд эрчимтэй нэмэгдэж, Умард Гёнсан муж, Дэгү хотод халдвар авч буй хүмүүсийн тоо буурахгүй хэвээр байгаа тул Монгол Улсаас тус улсад суугаа ЭСЯ сэрэмжлүүлэг гаргажээ.

Уг сэрэмжлүүлгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Халдвар авсан хүний 80 гаруй хувь нь Дэгү хот (1017), Умард Гёнсан мужид (321) тогтоогдож байна. БНСУ-ын Засгийн газраас онцгой байдлын түвшинд ажиллаж байна. Хорио цээр, эмнэлгийн байгууллагын хүн хүчийг эрс нэмэгдүүлж, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох үеэр халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг нарийвчлан тогтоох, сэжигтэй тохиолдлыг шуурхай шинжилгээнд хамруулах, тусгаарлах арга хэмжээг эрчимтэй авч байна.
Засгийн газар цэцэрлэгүүдийг түр хаахаар шийдвэрлэсний зэрэгцээ нийслэл, орон нутгийн нийгмийн халамжийн төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоохыг зөвлөж байна. Сөүл хотод болон орон нутагт олон нийтийн жагсаал, цуглаан зохион байгуулахыг нийтээр хориглосон. Солонгос дахь АНУ-ын цэргийн бааз, БНСУ-ын цэргийн ангиудад халдвар гарсантай холбоотой АНУ, БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулийг хойшлуулав. БНСУ-ын Парламентаас “Хорио цээрийн хууль”, “Халдварт өвчинд хяналт тавих, урьдчилсан сэргийлэх хууль”,“Эрүүл мэндийн үйлчилгээний хууль”-ийг яаралтай шинэчлэн батлав.

БНСУ-ын Засгийн газар амны хаалтаар дотоодын хэрэгцээг хангахад онцгой анхаарч, нийт 140 үйлдвэрт өдөрт үйлдвэрлэж байгаа 10 сая амны хаалтын 90 хувийг буюу 9 саяыг иргэдэд шуудангийн газар, эмийн сан, Ханаро март зэрэг тодорхой газраар худалдах болсныг мэдэгдэв.
БНСУ-ын Халдварт өвчний үндэсний судлалын төвөөс халдварт өвчнөөс хамгаалахын тулд нийт иргэн хувийн ариун цэврийг сайн сахиж, эрүүл мэндийн зөвлөмжийг мөрдөх, голомттой газруудад аль болох явахгүй байхыг зөвлөж байгаа болно.

Иргэд та бүхэн БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагаас өгч буй дараах зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа чанд мөрдөж өөрийгөө болон гэр бүлийн гишүүд, ойр дотны хүмүүсээ вирусний халдвар авахаас урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

-Амны хаалт /маск/тогтмол зүүх;
-Гараа урсгал ус, савангаар 30 секундээс дээш сайн угаах;
-Гар халдваргүйжүүлэгч байнга хэрэглэх;
-Олон нийтийн газар, эмнэлгээр аль болох явахгүй байх, явах тохиолдолд амны хаалт зүүх;
-Амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих;
-Бохир гараар нүүр, нүд, ам, хамарт хүрэхгүй байх;
-Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж байх;
-Түүхий ногоо, хүнсийг бүрэн боловсруулж хэрэглэх;
-Шувуу зэрэг амьтнаас хол байх.

-Хэрэв танд халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 (24 цагаар ажиллаж буй) утсаар холбогдож мэдээлэл, тусламж аваарай. БНСУ дах нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээлэл авах боломжтой.

ХОЛБОО БАРИХ УТАС:
-Иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг, өвчний тархалтын нөхцөл байдал, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, ЭСЯ-ны байршлыг “Embassy of Mongolia in Seoul” фэйсбүүк хуудас, www.mongolembassy.com цахим хуудаснаас мэдээлэл авах, ЭСЯ-ны ШУУРХАЙ УТАС 010-8205-3464, мөн (02)798-3464 утсаар холбогдож мэдээлэл авна уу.
-Визийн асуудлаар Сөүл, Генги мужаас бусад хол хөдөө, орон нутагт амьдарч буй иргэд ЭХЛЭЭД ЭСЯ-ны ШУУРХАЙ УТАС 010-8205-3464 утсаар холбогдоно уу.

-Дэгү хот, том Гванжу хот, Умард Гёнсан, Өмнөд Гёнсан, Өмнөд Чолла мужид оршин суугаа иргэд Пусан дахь Консулын газарт хандаж, (051)465-9996, 010-4966-7103 утсаар холбогдоно уу.

-Гэрээт ажилчид виз болон бусад асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд хандаж, (02) 2266-9229, (02) 2278-8030 утсаар холбогдоно уу.

-Оюутнууд суралцаж буй сургуулийн захиргаанаас холбогдох баримт бичгээ бүрдүүлж БНСУ-ын Гадаадын иргэн, харьяатын газарт очиж визээ сунгуулна уу.

-Онгоцны тийз, дамжин өнгөрч буй монгол зорчигчидтой холбоотой асуудлаар МИАТ-ын Сөүл дэх төлөөлөгчтэй (02) 756-9761 (Монголд 333999) утсаар холбогдоно уу.

Холбоотой мэдээ