Өвчний голомт бүртгэгдсэн улсаас ирснээ нуун дарагдуулбал хариуцлага тооцно

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-02-27 19:53:18

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Онцгой комиссоос коронавирусний халдварын талаарх худал, ташаа мэдээллийг цахим сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр санаатай болон санамсаргүйгээр түгээсэн иргэдэд зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохоор болсон тухай мэдээлэв.

Учир нь Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн хурлаар коронавирусний халдварын талаарх худал, ташаа мэдээллийг цахим сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр санаатай болон санамсаргүйгээр түгээсэн, өвчний голомт бүртгэгдсэн улсаас ирсэн бөгөөд аяллын түүх болон биеийн эрүүл мэндийн байдлаа хуурамчаар мэдүүлсэн, мэдээлэл өгөхөөс татгалзсан иргэдэд хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцохоор болсон тухай шийдвэр гарсан билээ. Үүнтэй холбогдуулан Завхан аймгийн Онцгой комисс 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр хуралдаж хэд хэдэн шийдвэрийг гаргаад байгаа юм.

Өвчний голомт бүртгэгдсэн улсаас ирснээ нуун дарагдуулбал хариуцлага тооцно

Монгол Улсын Онцгой комиссын шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор худал мэдээлэл тараах, асуумж өгөхөөс татгалзах, хуурамч асуумж өгөх, хуурамч бичиг баримтаар үндэслэлгүйгээр нэвтрэх зөвшөөрөл олгох, мэдээ мэдээлэл хоцроох, худал мэдээлэл өгөх зэрэг зөрчил гаргасан иргэн, албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлээд байна. Тиймээс иргэд цахим орчинд батлагдаагүй цуурхлын шинж чанартай мэдээллүүдийг шэйрлэх, түгээхгүй байх, албаны эх сурвалжийн мэдээллийг олон нийтэд дамжуулах, санаатайгаар хуурамч шалтаг шалтгаан тоочиж нэвтрэх зөвшөөрөл хүсэхгүй байхыг сануулж байна. Тодруулбал нэгдүгээрт албан томилолттой бол томилолтын хуудас, удирдамж, шуурхай комиссын шийдвэрийг үндэслэнэ. Хоёрдугаарт эмнэлгийн шалтгаанаар нэвтрэх тохиолдолд өвчтөн илгээх 13А маягт, нэгдсэн эмнэлгийн даргын тодорхойлолт, шуурхай штабын зөвшөөрлийн бичгээр. Гуравдугаарт ар гэрийн гачигдлаар нэвтрэх тохиолдолд цагдаагийн байгууллагын тодорхойлолт эсвэл эмнэлгийн даргын тодорхойлолтыг үндэслэн аймгийн “Шуурхай штаб”-ын зөвшөөрлөөр тус тус нэвтрүүлнэ гэж шийдвэрлэсэн.

Өвчний голомт бүртгэгдсэн гаднын улсаас ирсэн бол түүнийгээ санаатайгаар нуун дарагдуулахгүй байх. Сайн дураараа мэргэжлийн байгууллагуудад хандаж хяналтад орох, зөвлөгөө мэдээлэл авахыг иргэддээ онцгойлон анхааруулж, зөвлөж байна.

Зээл, хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг хүргүүлнэ

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр баар, цэнгээний газруудыг хааж, дэлгүүр, зоогийн газруудын ажиллах хугацааг багасгасантай холбогдуулан бизнес эрхлэгчдэд учирч болох эрсдэлийг бууруулах зорилгоор зээл, хүүгийн төлбөрийг хойшлуулах, зээлийн хүүг бууруулах, зогсоох саналыг Санхүүгийн бодлогын зөвлөл, Сангийн яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд албан бичгээр хүргүүлэхээр боллоо.

Түүнчлэн төрийн албан хаагчид ажлын тусгай горимд шилжин ажиллах шийдвэр хэвээр үргэлжлэх тул албан хаагчдын сахилга, хариуцлагыг өндөржүүлэх.

Баар, цэнгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоох, дэлгүүр, зоогийн газруудын ажиллах хугацааг богиносгосон шийдвэрийг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгахаар тус тус шийдвэрлэлээ хэмээн аймгийн Онцгой комиссоос мэдээлэв. 

Холбоотой мэдээ