Нүүрс, газрын тосны экспортыг ирэх сарын 15-наас үргэлжлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-02-28 13:36:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаанаар коронавирусний халдвараас сэргийлэх онцгой дэглэмийн үед Монгол Улсын эдийн засгийг дэмжих тогтоол баталсан байна. Тогтоолд нүүрс, газрын тос болон бусад ашигт малтмалын экспортыг ирэх сарын 15-наас үргэлжлүүлэхээр тусгажээ.


Ингэхдээ ариутгал, халдваргүйжүүлэлт, хорио цээр, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан жолооч нүүрс, газрын тос болон ашигт малтмал тээвэрлэн хилээр гарсан бол тухайн өдөртөө буцаж орж ирдэг байхаар зохицуулжээ. Одоогоор Оюутолгойн ордын зэсийн баяжмалын экспорт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд тээврийн автомашиныг бүрэн ариутгаж, жолоочид хамгаалалтын хувцас өмсүүлж байгаа аж. Тиймээс энэ жишгийг бусад экспортод нэвтрүүлэх болсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэв.


Түүнчлэн иргэн, аж ахуйн нэгжүүдийн ачааллыг хөнгөвчлөх хэд хэдэн зохицуулалтыг тогтоолд нарийвчлан тусгасан байна. Тухайлбал, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд аж ахуйн нэгжүүд ажилтнынхаа нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй тохиолдолд алданги, торгууль ногдуулахгүй байх хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх асуудлыг тусгасан байна. Мөн татвараа төлж чадаагүй аж ахуйн нэгжид торгууль ногдуулахгүй, алданги тооцохгүй байх, түрээсийн төлбөрөө буулгасан төвлөрсөн зах, худалдааны төв, үйлчилгээний газруудын орлогын татварыг чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх болжээ. Үүнээс гадна аж ахуйн нэгж улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа ажил үйлчилгээний авлагаа татвартаа суутгах боломжийг бүрдүүлэх аж.


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “Улсын төсвийн орлого өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 210 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч энэ жил төсөвт тодотгол хийхгүй. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед эдийн засаг тодорхой хэмжээнд агшиж байгаа. Энэ үед хөрөнгө оруулалтыг зогсоох нь сөргөөр нөлөөлөх тул сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих тендерийн ажлаа гүйцэтгэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нар үүрэг болгож байна. Өнгөрсөн 2-3 жилд эдийн засгийн суурь үзүүлэлтийг сайжруулах, өрийн дарамт бууруулах зорилт тавин ажилласан. Ингэснээр 8.2 их наяд төгрөгийн өр дарсан. Тиймээс нэг жилийн хүндхэн нөхцөл байдлыг даван туулах боломж төсөвт бий. Өнгөрсөн оны мөн үед Монгол Улс 4 сая тонн нүүрс экпортолсон байсан. Харин энэ жилийн эхний хоёр сард 2.7 сая тонн нүүрс гаргасан. БНХАУ Монгол Улсаас нүүрс авахад бэлэн гэдгээ илэрхийлсэн” гэлээ.


Мөн Засгийн газрын хуралдаанд Монголбанкнаас үүсээд буй нөхцөл байдлын үед авах арга хэмжээнийхээ талаар танилцуулсан байна. Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл ирэх сарын эхээр хуралдаж, мөнгөний бодлогын хүүг бууруулах эсэх талаар ярилцахаар төлөвлөж байгаа аж. Мөнгөний бодлогын хүүг бууруулснаар банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар сайжирч, зээлийн хүү буурах боломж бүрдэнэ гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэллээ. Тэрбээр, “Өндөржүүлсэн бэлэн байдлын үед банкуудын зээлийн хүүг царцаах талаар иргэд ярьж байгаа. Төвбанкны тухай хуульд ийм боломж байхгүй. Үүнийг арилжааны банк болон харилцагч өөрсдөө гэрээгээ өөрчлөх замаар шийдвэрлэх боломжтой” гэлээ.

Холбоотой мэдээ