С.Болд: САРС-ын нөлөө зэсийн үнэ дээр гарч байсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-03-01 18:06:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвар Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж буй талаар АХБ судалж байна. Тус банк Монгол Улсын талаарх судалгаагаа экспортын суваг, зарим хэрэглээний бараа бүтээгдэхүүнийн үнэ өсөх суваг, түүнчлэн хүлээлтэд нөлөөлөх гэсэн 3 үндсэн сувгаар нарийвчилж авч үзжээ. Энэ талаар тус банкны ахлах эдийн засагч С.Болдоос тодрууллаа. 

Тэрээр хэлэхдээ, "Та бүхэн мэдэж байгаа, коронавирусний халдварын тархалт 3 дахь сар руугаа орж байна. Бид Монголын банк санхүү, эдийн засгийн бодит секторт "COVID-19"-ын үзүүлэх нөлөөг эхний улирлын байдлаар авч үзэн судалж байна. 

АХБ энэ талаар мөн БНХАУ болон Азийн бүс нутгийн орнуудын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судалж байна. Энэ дээрээ үндэслээд 4 дүгээр сарын эхээр зарлагддаг тайланд "Азийн хөгжлийн төлөв чиг хандлага" нэртэйгээр бүс нутгийн улс орнуудын эдийн засгийн 2020-2021 оны төсөөлөл зарлагдана. Монгол Улсынх ялгаагүй энд гарна" гэв. 


Тэрээр цааш нь хэлэхдээ, "Монгол Улсын тухайд бид хэдийгээр яг одоо судалж байгаа ч эдийн засагт нөлөөлөх сувгуудыг мэдэрч байна. Энд юуны өмнө 16 жилийн өмнө гарч байсан, яг коронавирустэй адил САРС-ын халдварын нөлөөтэй өнөөгийн байдлыг харьцуулах хэрэгтэй. Тэр үед хамгийн анхны реакц буюу нөлөө түүхий эдийн үнэ дээр гарч ирж байсан. Ялангуяа суурь металл, зэсийн үнэ дээр. 

Тухайн үед АНУ, БНХАУ-ын худалдааны анхан шатны хэлэлцээр зурагдсаны дараа зэсийн үнэ тонн нь 5700 ам.доллароос 6200-6300 ам.доллар болж, эдийн засгийн эрэлт, нийлүүлэлтээр тодорхойлогддог тэр суурь үнэ рүү дөхсөн юм. Тэр үеийн үнийн сэргэлтийг харамсалтай нь "COVID-19" гарч ирээд байхгүй болгочихлоо. Зэсийн үнэ буцаад, энэ оны 2 дугаар сарын 3-ны байдлаар 1500 ам.доллароор буусан. Одоо харин тэрнээс хойш зэсийн үнэ харьцангуй тогтворжоод 5700-5800 ам.долларын түвшинд байна. Энэ бол үнийн буюу түүхий эдийн зах зээлийн үнэ буурах суваг юм. 


Одоо БНХАУ дахь нөхцөл байдал хэрхэн өрнөхөөс хамаарч Монгол Улс экспортын 2 сарын орлогоо алдах уу, эсвэл нэгдүгээр улирлын орлогоо алдах уу гэдэг шалтгаална. 


Нөгөө талдаа өнөөдөр нүүрсний үнэ, коксжих нүүрсний үнэ хараахан буугаагүй байна. Оны эхний байдлаар дунджаар нэг тонн нь 83-84 ам.доллароор зарагдаж байна. Энэ нь жигнэсэн дундаж үнэ юм. Манай улс нүүрсний тээвэрлэлтийг түр хугацаагаар хязгаарлаж зогсоогоод байгаа. Ингэснээр Монгол Улс нүүрсний орлогоо эхний саруудад алдаж байна. Цааш нь экспортын тээврээ үргэлжлүүлэх эсэхээ харах л үлдэж. 


"COVID-19" халдварын нөлөө саармагжсаны дараа эдийн засаг буцаад идэвхижиж эхлэх үед бид нэгдүгээр улирлын алдсан орлогоо нөхөх, бусад улиралдаа шингээхийг чармайх болно. Ийм нөлөөллийг бид харгалзаж үзэх хэрэгтэй байна.


Одоо БНХАУ дахь нөхцөл байдал хэрхэн өрнөхөөс хамаарч Монгол Улс экспортын 2 сарын орлогоо алдах уу, эсвэл нэгдүгээр улирлын орлогоо алдах уу гэдэг шалтгаална. Харин "COVID-19" халдварын нөлөө саармагжсаны дараа эдийн засаг буцаад идэвхжиж эхэлнэ. Энэ үед мэдээж бид нэгдүгээр улирлын алдсан орлогоо нөхөх, бусад улиралдаа шингээхийг чармайх болно. Ийм нөлөөллийг бид харгалзаж үзэх хэрэгтэй байна "гэв. 


АХБ Монгол Улсын талаарх судалгаагаа экспортын суваг, зарим хэрэглээний бараа бүтээгдэхүүнийн үнэ өсөх суваг, түүнчлэн хүлээлтэд нөлөөлөх суваг гэсэн 3 үндсэн сувгаар нарийвчилж авч үзэж байна. Ингээд эцсийн тоо төсөөлөл, түүнтэй холбоотой мэдээлэл 4 дүгээр сарын эхээр бүрэн гарах аж. 

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал


Холбоотой мэдээ