Сүмо бөхийн башёг танхимын үзэгчидгүйгээр зохион байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2020-03-02 10:08:37

ТОКИО. /Kyodo/. Японы Осака хотноо энэ сарын 8-нд эхлэх сүмо бөхийн хаврын башёг танхимын үзэгчидгүйгээр зохион байгуулна гэж тус улсын Сүмо бөхийн холбооноос мэдээлжээ. Энэхүү тэмцээнийг түүхэнд анх удаа үзэгчгүй танхимд зохион байгуулах гэж буй нь энэ юм.


“Засгийн газрын хүсэлтэд үндэслэн бүх нийтээрээ шинэ коронавирусний тархалттай тэмцэж буйг харгалзан үзсэний дүнд энэ шийдвэрийг гаргасан” гэж Сүмо бөхийн холбооны тэргүүн Хаккакү өнгөрсөн ням гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.


Мөн бөхчүүдийн дундаас хэн нэгэн халдвар авсан тохиолдолд башёг эхэлсэн эсэхийг үл харгалзан цуцална гэж Хаккакү мэдэгдсэн байна. Өмнө нь сүмогийн башёг түүхэнд хоёр удаа буюу 1946, 2011 онд тодорхой шалтгааны улмаас цуцалж байсан юм.


Засгийн газар коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцлах, хойшлуулах хүсэлтийг өнгөрсөн лхагва гарагт спорт, энтертайнментын арга хэмжээ зохион байгуулагчдад тавьсан ажээ. 


Ташрамд дурдахад, 1945 оны зуны тэмцээнийг олон нийтэд хаалттайгаар зохион байгуулж, дайнд шархадсан ахмад дайчдыг урин үзүүлж байжээ. 

Холбоотой мэдээ