Монголын нууц товчоо сонсдог хэлбэрээр АНУ-ын конгрессын номын санд байршив

Монголын мэдээ | Соёл урлаг
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-05 22:37:40
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын эзэнт гүрний үеийн түүх төдийгүй уран зохиолын хосгүй өв болсон "Монголын нууц товчоо"-г сэтгүүлч, нэвтрүүлэгч Г.Оюунбат сонсдог хувилбараар бүтээж, АНУ-ын Конгрессын номын санд байршуулжээ.


Тэрбээр АНУ-ын "I Global" их сургуульд суралцахын сацуу "Voice of the people" дүрс бичлэгийн цуврал бүтээл, Монголын болон дэлхийн сор бүтээлүүдийг дуун хэлбэрт хөрвүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа аж. "Монголын нууц товчоо" бичигдсэний 780 жилийн ойг тохиолдуулан дуун хэлбэрт оруулж, хоёрдугаар сарын 22-ны өдөр АНУ-д дуу бичлэгийн хуурцаг /CD/-нд хэвлүүлжээ.



Энэ талаар нэвтрүүлэгч Г.Оюунбатаас цахим сүлжээгээр лавлалаа. Тэрбээр, "Академич Цэндийн Дамдинсүрэн гуайн 1940 онд уран сайхны хэлбэрт оруулсан зохиолоос эх авч дуун хөрвүүлгээр бүтээсэн нь өдгөө дэлхийн номын санд хадгалагдахаар болж байна. "Монголын нууц товчоо" манай ард түмний хувьд маш үнэ цэнтэй. Түүнийг хэрхэн үнэлж харах нь биднээс өөрсдөөс л хамаарна. "Монголын нууц товчоо"-г түгээн дэлгэрүүлэх үйлс олон газар өрнөж байгаа ч орчин үед тоон технологи /Digital/-иор бүтээх нь илүү хүртээмжтэй гэж үзсэн. Энэхүү бүтээл АНУ-ын Конгрессын номын санд байршсанаар, монгол судлаач, эрдэмтэд уншихаас гадна сонсож, мэдэх боломж нээгдэж байгаагаараа ач холбогдолтой" хэмээв.


"Монголын нууц товчоо" нь монголчуудын угсаа гарлаас эхлээд Чингис хаан нас эцэслэж, Өгөдэй хаан ширээнд суусан үеийг өгүүлсэн нийт 12 бүлэгтэй. Эхний 10 бүлэг нь Чингис хааныг нас эцэслэсний хойтон буюу 1228 оны шар хулгана жил бичигджээ. Харин сүүлийн хоёр бүлгийг Өгөдэй хааныг нас барахын өмнөхөн буюу 1240 оны үед бичиж дуусгажээ. Үүнийг бичиж хойч үедээ үлдээсэн зохиогч нь тодорхойгүй ч судлаачид олон таамаглал дэвшүүлдэг. 

Холбоотой мэдээ