ХӨСҮТ-д тусгаарласан иргэдээс “COVID”-19 илрээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2020-03-07 11:20:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-д өчигдөр буюу энэ сарын 6-нд тусгаарласан иргэдээс авсан шинжилгээгээр “COVID-19”-ийн халдвар илрээгүй гэдгийг тус төвийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр онцлов.


Тодруулбал, өчигдөр 06.30 цагт Берлин-Москва-Улаанбаатарын нислэгээр Италиас гурав, Австралиас хоёр иргэн ирсэн. Австралиас ирсэн хоёр иргэнд COVID-19-ийн шинж тэмдэг илэрсэн тул ХӨСҮТ-д тусгаарлаад байсан юм. Харин Италиас ирсэн гурван оюутныг түр ажиглах байранд тусгаарлажээ. 


ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Буянжаргал, “Монгол Улсад нэгдүгээр сарын 9-нөөс өчигдөр оройны 23 цаг хүртэлх хугацаанд  сэжигтэй 883 иргэнийг ажиглалтад авсан. Одоогоор 497 иргэн ажиглалтад байна. Өнөөдөр өглөө Истанбул-Москва-Улаанбаатарын онгоцоор 129 зорчигч ирснээс 3 хүнийг ажиглалтад авсан. Мөн саяхан газардсан Истанбул-Москва-Улаанбаатарын онгоцоор 217 хүн ирснээс БНСУ болон Японоос ирсэн 6 иргэнийг ажиглалтад шилжүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн БНСУ-ын нисэх онгоцны буудлаас дамжин өнгөрөх нислэг хийсэн 31 иргэнд үзлэг хийж байгаа. Японоос Новосибирскээр дамжин Сэлэнгийн боомтоор нэвтэрсэн нэг хүнийг Дархан-Уул аймагт тусгаарлаад байна. ДЭМБ-ын зөвлөх багтай хамт Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж байгаа” хэмээв.

Холбоотой мэдээ