Сүм, хийдүүдэд шалгалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-03-13 09:53:33

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нийт 33 сүм хийдээс эхний удаад 15 байгууллагад нь шалгалт хийжээ.

“Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалт хийх” удирдамжийн хүрээнд улсын хяналтын байцаагчид хамтран Дархан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Дархан Баруун Чуулган сүм, Христийн амь сүм, Есүсийн тосгон цуглаан сүм, 7 дахь өдрийн Атвентист сүм, Мария Аксилюм католик сүм, Христ удирдлага судалгааны төв , Шинэ үеийн хамтын холбоо ТББ, Мери урсила лакра сүм, Гоц авьяас зөн билгийн шавь академи, Гэцогдаржаалан хийд, Сэргэн мандалт сүм, Дархан Баптист сүм, Сэйнт Жон Боско Төв, “Мишинарис оф чарити” төрийн бус байгууллага Самдан Чойлон Дацан хийд зэрэг 15 байгууллага хамрагджээ. 

Шалгалтын үеэр холбогдох хууль, Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссын шийдвэр, аймгийн Засаг даргын захирамж зөрчсөн 1 иргэн, 4 хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу 4100 нэгж буюу 4.100.000 төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулсан байна.

Шашны байгууллагуудад Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан арга хэмжээг хэрэгжүүлж, олон нийтийг хамарсан уулзалт, сургалт, семинар, ёслол хүндэтгэл, урлаг, спортын үйл ажиллагааг зогсоох, шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг өдөр тутам хэрэгжүүлэх, амны хаалтыг өдөр тутам сольж хэрэглэх /нөөцийг хангах/, ажлын байр болон иргэдэд үйлчилдэг заал, танхимд ариутгал халдваргүйжилтийг тогтмол хийх зэрэг Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл хүргүүлжээ. Дээрх шалгалтыг үргэлжлүүлэн хийх аж.

 

Холбоотой мэдээ