Монголбанк он гарсаар 4.9 тн үнэт металл худалдан авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-03-13 12:00:35
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк он гарсаар 4.9 тн үнэт металл буюу 3.2 тн алт, 1.7 тн цагаан мөнгө худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үед 1.2 тн үнэт металл худалдан авснаас 3.7 тонноор өссөн үзүүлэлт юм.


Үнэт металлын худалдан авалт өсөхөд дэлхийн зах зээлийн алтны үнэ өссөн, өнгөрсөн оны мөн үед холбогдох хууль шинэчлэн батлагдах хугацаанд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 10 хувиар тооцон суутган авч байсан, он гарсаар дотоодын аж ахуйн нэгжээс 1.7 тн цагаан мөнгө худалдан авсан зэрэг өөрчлөлт нөлөөлжээ.


Монголбанкны дотоодын зах зээлээс худалдан авах 1 гр алтны дундаж үнэ хоёрдугаар сард дунджаар 140,292.94 төгрөг байв. Харин гуравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар зарласан үнэ 1 гр алт 147,096.92 төгрөг, 1 гр мөнгө 1,492.43 төгрөг байна.


Ташрамд дурдахад, Монголбанк ирэх дөрөвдүгээр сараас эхлэн Монгол Улсад олборлосон цагаан мөнгөөр үйлдвэрлэсэн 1 унцын мөнгөн гулдмай, 1000 гр мөнгөн гулдмай, 4 кг-р савласан үрлэн мөнгийг албан ёсны үнэт металлыг байгууллага, иргэний хүсэлтээр худалдахаар бэлтгэлээ хангаж байна.


Ингэснээр дотоодын зах зээл албан ёсны бүртгэлтэй үнэт металлын худалдаа эхлүүлэх, бэлэг дурсгалын зориулалтаар ашиглах, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, уран дархчууд гарал үүсэл нь тодорхой цагаан мөнгөөр гоёл чимэглэлийн зүйлс урлах боломжтой болох юм.

Холбоотой мэдээ