Ө.Энхтүвшин: Иргэдийг цэргийн хуаранд тусгаарлахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадаас тусгай нислэгээр ирэх монгол иргэдийг байрлуулах тусгаарлах байрны бэлэн байдалтай Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон холбогдох албаныхан өнөөдөр танилцлаа.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ-аас иргэдээ авчрах захиалгат нислэг маргааш буюу энэ сарын 15-ны 07.45 цагт Улаанбаатар-Сөүл чиглэлд хөөрнө. Тиймээс нэн тэргүүний ээлжинд Сөүлээс ирэх 252 иргэнийг тусгаарлах юм. Тэдгээр иргэнээс жирэмсэн, сахиуртай өвчтөн, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг эрүүл мэндийн шалтгаантай 47 иргэнийг Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт, үлдсэн 205 иргэнийг Чингис хаан Олон Улсын нисэх онгоцны буудлаас есөн километрийн зайд байдаг "Энхсаран" сувилалд тусгаарлахаар болсон байна.
Тусгай нислэгээр эх орондоо ирэх иргэдийг эмнэлэг, сувиллын болон цэргийн хуарангийн зохион байгуулалттай байруудад тусгаарлахаар болж хоёр өөр төлбөрийн нөхцөлийг гаргаад байсан. БНСУ-аас эхний ээлжийн нислэгээр ирэх 250 иргэний 60 гаруй хувь нь цэргийн зориулалтын байранд тусгаарлагдахаар төлбөрөө хоногийн 40 000 төгрөгөөр тооцож холбогдох дансанд байршуулсан юм.
Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин, тусгаарлах байрны нөхцөлтэй танилцаж цэргийн хуарангийн зориулалттай байрны нэг өрөөнд иргэдийг хэт олноор байрлуулах нь эрсдэлтэй байна гэж үзсэн. Тиймээс ээлжийн иргэдийг эмнэлэг, сувиллын газруудад тусгаарлахаар болж, цэргийн зориулалттай байрны нөхцөлийг сайжруулж нөөцөд байлгах шийдвэр гаргалаа. Тэрбээр, "Нислэгүүд дүүрэн буюу нэг онгоцонд 250 хүн ирэхээр байна. Тэгэхээр 250 хүнийг аль болох нэг газар л байлгах хэрэгтэй. Хэрэв тараан байршуулбал хяналт тавих, шинжилгээ хийхэд төвөгтэй байдал үүснэ. Москва-Берлиний чиглэлээс гэхэд орон орноос хүн ирнэ. Тиймээс тэдгээр хүмүүсийг нэг том зааланд олноор байрлуулах нь эрсдэлтэй. Магадгүй тэр шинж тэмдэг далд үедээ явж байвал бусад нь халдах эрсдэл үүснэ. Тийм учраас нэг дор олноор биш дотроо ариун цэврийн өрөөтэй нэг өрөөнд дөрвөөс таван хүн байрлах нь эрсдэлээс урьдчилан сэргийлнэ. Тусгаарлах байранд дээд зэргийн дэг журмыг сахих ёстой. Дэг журмыг сахиж чадахгүй хүн тухайн улсдаа үлдсэн нь дээр. Энд 14 хоног байрлахдаа өдрийн гурван хоолтой. Энэ хугацаанд өөр хоорондоо уулзахгүй, өрөөнөөсөө гарч орохгүй байх шаардлагыг хангах хэрэгтэй" хэмээв.
Цэргийн хуарангийн зориулалттай байранд тусгаарлагдахаар төлбөрөө шилжүүлсэн иргэд сувиллын газарт тусгаарлагдах болсон тул зөрүү төлбөрийг нэмж төлөхөөр болж байна. Цаашид Сөүл, Токио, Москва, Истанбулын тусгай нислэгээр ирэх иргэд бүгд хоногийн 50000 төгрөгийн төлбөрийг төлөхөөр болж байгаа аж.
Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд төр засагтаа туслах үүднээс зарим зочид буудлууд тусгаарлах байрны зориулалтаар үйлчлэх санал хүсэлтээ ирүүлжээ. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт байдаг "Амар" зочид буудал тусгаарлах байрны бэлэн байдлыг ханган 250 ор бэлтгэсэн байна.
Дараагийн захиалгат нислэг гуравдугаар сарын 15-ны 07.55 цагт Улаанбаатар-Москва-Берлин чиглэлд хөөрөх юм. Үүний дараа Улаанбаатар-Токио чиглэлийн нислэг энэ сарын 16-ны 08.55 цагт хөөрөх хуваарьтай байна.



