Беларусь улсын гурван иргэнийг буцаажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-14 14:29:59

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн ОБГ-ын орлогч дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Б.Ганхүү энэ сарын 14-ний 12.00 цагийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.

Сэлэнгэ аймагт түр тусгаарлагдан хяналтад байгаа иргэдийн биеийн байдал хэвийн байна. Энэ өдрийн байдлаар Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх Олон улсын боомтоор 29 тээврийн хэрэгслээр 51 монгол иргэн, мөн Монгол Улс руу импортлогдож байгаа ачааны автомашины жолооч 24 орос иргэн хил нэвтэрчээ. Харин Беларусь улсын гурван иргэнийг буцаасан байна. Орж ирж байгаа нийт зорчигчдын биеийн халууныг хэмжин, эрүүл мэндийн асуумж авахад өвчлөл бүртгэгдсэн орноос дамжин ирсэн 13 зорчигч байсан тул ажиглалтад түр тусгаарлахаар Дархан-Уул аймгийн Онцгой комисст шилжүүлэн өгчээ.

Энэ хугацаанд гарах чиглэлд 35 тээврийн хэрэгслээр 11 монгол, 43 гадаад нийт 54 зорчигч гарсан аж. Алтанбулаг боомтоор орж, гарч байгаа нийт зорчигчдод COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг тогтмол өгч байгаа гэв. Харин Сүхбаатар боомтоор орох, гарах чиглэлд галт тэрэг аялаагүй байна. 

Холбоотой мэдээ