Ч.Улаан: Ноолуурын үйлдвэрлэлд 300 тэрбум төгрөгийн зээл олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-19 12:07:46
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг баталсан тухай ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэв. 


Тус тогтоолын хүрээнд хэд хэдэн цогц арга хэмжээг авч экспортод гаргах ноолуурын 50 хүртэлх хувийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгох зорилт тавьсныг мэдээллийн эхэнд онцоллоо. Тэрбээр, “Ноолуур бол манай улсын стратегийн чухал бүтээгдэхүүн. Манай улс өнгөрсөн оны эцэст 70.9 сая толгой мал тоолуулсан. Сүргийн бүтцээс харвал 10.2 мянган тонн ноолуур авах бололцоо байна. Шинэ коронавирус дэлхийн улс орнуудад тархсантай холбогдуулан ноолуурын салбарт эрсдэл гарч мэднэ. Тиймээс ноолуурын салбарын ид ажиллах үед төрөөс дэмжих нь зүйтэй гэж үзсэн” хэмээв. 


Дээрх тогтоолын хүрээнд ноолуур бэлтгэхэд зориулж үндэсний үйлдвэрүүдэд Хөгжлийн банкнаас 300 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр олгох юм. Үүнээс гадна ноолуурын нөөц бэлтгэхэд нэмэгдэл 200 тэрбум төгрөгийн эх үүсвэр шийдвэрлэхээр болжээ. Зээл олгохдоо ААН-үүдэд жилийн 3-5 хүүтэй олгох аж. Урьд жилүүдэд Хөгжлийн банкнаас 10-12 хувийн хүүтэй зээл олгож байжээ. Өөрөөр хэлбэл төрөөс 30 тэрбум төгрөгийн хүүг хөнгөлж байгааг Сайд Ч.Улаан мэдээллийн үеэр тэмдэглэв. Түүнчлэн малчдаас худалдан авах ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс бууруулахгүй гэж мэдэгдэв.


Манай улс нийт ноолуурын 25 хувийг эцсийн бүтээгдэхүүн болгон экспортод гаргадаг бол 65 орчим хувийг нь түүхийгээр нь дэлхийн зах зээлд нийлүүлдэг байна. 

Холбоотой мэдээ