Гэр хорооллын өрхөд 800 ширхэг цахилгаан халаагуурыг хөнгөлөлтэй үнээр олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-03-19 17:03:35
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Энэ сарын 15-наас гэр хорооллын айл өрхөд 800 ширхэг цахилгаан халаагуурыг 60 мянган төгрөгөөр олгож эхэллээ.

Уг халаагуурыг БОАЖЯ-наас аймгийн БОАЖГ-т өгсөн бөгөөд иргэдэд 70 хувийн хөнгөлөлттэйгээр олгож байгаа юм. Тодруулбал нэг бүр нь 200 мянган төгрөгийн үнэтэй цахилгаан халаагуурыг иргэдэд 70 хувийн хөнгөлөлттэй өгч эхэллээ. Үүнийг агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийж байна. Аймгийн ЗДТГ, БОАЖГ агаарын бохирдлыг бууруулахад жилд дунджаар 300 гаруй сая төгрөг төсөвлөдөг ажээ.

Цахилгаан халаагуурыг гэр хорооллын 15 баг тус бүрээс 19 өрхөд өргөдөл, хүсэлтийн дагуу олгож байна. Уг халаагуур нь 20 м.кв талбайг халаах хүчин чадалтай, цахилгаан бага зарцуулдаг ажээ. Тодруулбал 2.5 кВт цахилгаан эрчим хүч зарцуулдаг юм.

Аймгийн ЗДТГ-аас агаарын бохирдлыг бууруулахаар 2012-2016 онд шахмал түлшний үйлдвэр байгуулахад нийт 160 сая төгрөг, Эрдэнэ, Говил, Баянцагаан багт хоёр тарифт цахилгаан тоолуурыг тус бүр нь 24900 төгрөгөөр 700 ширхэгийг иргэдэд өгч байсан. Мөн 1200 ширхэг хийн зуух өгч байжээ. Орхон аймаг 29 мянган өрхтэй. Үүний 60 хувь нь гэр хороололд амьдардаг. 


Холбоотой мэдээ