Олон улсын нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон шийдвэрийг сунгав

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-20 18:20:36
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар, олон улсын хуваарьт нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон хугацааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгахаар шийдвэрлэсэн тухай ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэв.


Тодруулбал, БНХАУ, БНСУ, БНКазУ, ОХУ болон Европын улс руу хийх нислэгийг зогсоосон хугацаа үргэлжлэхээр болжээ. Мөн БНХАУ-ын Эрээн, Хөххот, Бээжин, ОХУ-ын Эрхүү, Москва, чиглэлийн олон улсын хуваарьт галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон шийдвэрийг дээрх хугацаагаар сунгаж байна. Харин орон нутгийн агаарын болон төмөр замын тээвэр хэвийн үргэлжлэх бөгөөд ариутгал, халдваргүйтгэлийн арга хэмжээг авч ажиллаж байгааг ЗТХ-ийн сайд мэдээлэлдээ онцлов. 


ОХУ-ын Алтанбулаг, Цагааннуур боомтоор дамжин өнгөрөх болон Монгол Улсад бараа бүтээгдэхүүн импортлох тээвэр хэвийн үргэлжилнэ. Ингэхдээ тээврийн хэрэгслийг хилээр орохоос гарах хүртэл цагдаагийн тусгай хамгаалалтад авч, монгол иргэдтэй харилцахаас сэргийлж байна.



Хилийн чанадад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ татан авах тусгай нислэгийг 14 хоногоор зогсоож байгааг мэдэгдэв. Тэрбээр, “Гадаадад эмчилгээнд явсан, нялх хүүхэдтэй, өндөр настай, жирэмсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай зайлшгүй авах шаардлагатай 1024 иргэнээ татан авсан. Ирсэн иргэдээ тусгаарлан хянаж дуусаад дараагийн чартер нислэгийг үргэлжлүүлэх асуудлыг УОК-т дахин оруулна” хэмээв.


Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу Ухань хотоос нэгдүгээр сарын 31-нд 31 оюутан, энэ сарын 15-18-нд Сөүл хотоос 244, Токио хотоос 256, Берлин, Москва хотоос 231, Истанбул хотоос 252 иргэнээ тусгай үүргийн нислэгээр татан авч, тусгаарлаад байна.


Гадаадаас ирэх монгол иргэдийг агаарын замын Буянт-Ухаа, авто замын Хиагт-Алтанбулаг, БНХАУ-ын Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхийг ХХЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн мэдээллийн төгсгөлд онцоллоо.  

Холбоотой мэдээ