“Сүрьеэ өвчнийг устгах амлалтаа биелүүлэх цаг нь боллоо” аян маргааш эхэлнэ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-03-23 17:23:20
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЭМГ-аас “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан “Сүрьеэ өвчнийг устгах амлалтаа биелүүлэх цаг нь боллоо” долоо хоногийн аяныг гуравдугаар сарын 24-нөөс зохион байгуулах ажээ.

Жил бүрийн гуравдугаар сарын 24-нийг дэлхий нийтээрээ “Сүрьеэтэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр иргэдэд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсрол олгох, энэхүү өвчинтэй тэмцэхийг уриалах, сургалт, зөвлөгөө өгөх гэх мэт олон үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Сүүлийн таван жилийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр сүрьеэ өвчин Монгол Улсын хэмжээнд гарч буй халдварт  өвчний  9,8 хувийг эзэлж байгаа ба жил бүр 4000 гаруй хүн энэ өвчнөөр өвчилж байгаа аж.

Хүн амын дунд хорт зуршил, архи, тамхины хэрэглээ өндөр байгаа нь энэхүү халдварт өвчнийг үүсгэх эхлэл болдог хэмээн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн.

Дундговь аймгийн хувьд сүрьеэ өвчний гаралтыг бууруулахын тулд сүүлийн жилүүдэд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол зохион байгуулснаар энэхүү өвчний тохиолдол буурч байгааг аймгийн ЭМГ-ын дарга Г.Бат-Орших танилцуулав.

2017 онд 39, 2018 онд 32 хүн энэ өвчнөөр өвчилсөн бол 2019 онд 29 хүнийг илрүүлж, эмчилж эдгэрүүлсэн байна.

Улс орон даяар шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа учраас ЭМГ-аас “Сүрьеэ өвчнийг устгах амлалтаа биелүүлэх цаг нь боллоо” долоо хоногийн аяны үйл ажиллагааг цахимаар зохион байгуулахаар төлөвлөжээ.

Өөрөөр хэлбэл иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох цахим сургалт, зөвлөгөө, видео, контентуудыг тус албаны болон аймгийн вэбсайт, фэйсбүүк хуудсанд байршуулж, төр, ТББ, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа, оролцоог дэмжин хамтарч ажиллах ажээ. 

Холбоотой мэдээ