Сургуулийн орчинд хүүхдийн харилцааны зөрчил их гарч байна гэж үзжээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-03-27 12:56:02

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжийн газар хүүхэд, өсвөр үеийнхэнд сэтгэл зүйн зөвлөгөө өгч, асуудлын тал илүү хувийг сургуулийн орчинд гарч байгаа харилцааны зөрчлийн сэдэв эзэлж байгаа талаар мэдээллээ.

          Тус газрын дэргэдэх сэтгэл зүйн зөвлөгөө өгөх танхим өнгөрсөн онд 629 үйлчлүүлэгчид ганцаарчилсан болон бүлгийн хэлбэрээр зөвлөгөө өгсөн нь үйлчлүүлэгчийн тоо өмнөх оныхоос долоо дахин өсжээ. Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх танхимаар үйлчлүүлэгчдийн 52,0 хувийг сургуулийн орчинд гардаг харилцааны зөрчил, 22,0 хувь өсвөр насны сурагчдын сэтгэл зүйн болон танин мэдэхүйн онцлог, гэмт хэрэгт өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх сэдэв, 19,0 хувь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тусгаарлах шаардлагатай хамгаалалтад авсан хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудал, 7,0 хувийг бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тухай асуудал эзэлж байгаа аж.

          -Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын асуудлаар аймгийн хэмжээний 19 сургуулийн дотуур байрны үйл ажиллагаанд нөхцөл байдлын үнэлгээ хийсэн. Сургуулийн дотуур байранд хүүхэд хөгжлийн ажил тогтмол зохион байгуулдаггүй, чөлөөт цагаа өнгөрөөх заал, танхим, орчин дутагдалтай, секц, дугуйлан хичээллэдэггүй, үе тэнгийн хүүхдийн дарамт, багш нар хүүхдийг хочлох зэрэг зөрчил илэрч байсан. Эдгээр зөрчлийг арилгах зөвлөмж өгч ажиллаж байна гэж аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Т.Баярбат хэллээ.

Холбоотой мэдээ