У.Хүрэлсүх: Засгийн газраас 5 их наяд төгрөгийн долоон арга хэмжээ хэрэгжүүлнэ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-27 16:10:51
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шинэ коронавирусний цар тахлын үед хүндэрч байгаа эдийн засгаа дэмжих зорилгоор таван их наяд төгрөгийн санхүүжилттэй долоон арга хэмжээ төлөвлөснийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр мэдээлэв.


Шинэ коронавирусний халдвар дэлхийн 201 улсад бүртгэгдэж, 530 мянган хүн өвчилж халдварын улмаас 23 970 хүн амиа алдсан байна. Манай улсын хэмжээнд 11 хүн өвчилсөн ч эрүүл мэндийн салбар амжилттай эмчилж байгааг Ерөнхий сайд мэдээллийн эхэнд онцоллоо. Мөн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй авч хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улс харьцангуй тайван байгааг тэмдэглэв. Гэхдээ иргэн бүр сонор сэрэмжээ нэмэгдүүлж хорио цээрийн дэглэмийг мөрдөх ёстойг анхаарууллаа. 


Тэрбээр, “Засаглах цаг болсон гэж мэргэжлийн байгууллагад чиглэл өгч байна. Энэ бол улс, үндэстний аюулгүй байдал. Шуудхан хэлэхэд бид үхэх үү, сэхэх үү дээр тулсан. Халдварын тохиолдлыг бүрэн хяналтдаа авч, цааш нь дэлгэрүүлэхгүй байх арга хэмжээг авч ажилласныг ДЭМБ-аас үнэлж байна” хэмээв. 


Шинэ коронавирус БНХАУ-д дэгдсэнээс хойш Монгол Улсын Засгийн газар нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодист 17 тэрбум төгрөгийг нөөц сангаасаа гаргажээ. Мөн шаардлагатай 20.6 тэрбум төгрөгийг дахин шийдвэрлэсэн. Дээр нь нэмээд 159 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, хамгаалах хувцас хэрэгсэл зэргийн санхүүжилтийг холбогдох байгууллагад нь шийдэж өгөхөөр болсныг Ерөнхий сайд мэдээлэлдээ цохон тэмдэглэв.


Ингээд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлыг тэрбээр танилцууллаа. 


1. Дөрөвдүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл аж ахуйн нэгж, компаниудын ажилтанд төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн чөлөөлөв. 

2. Дөрөвдүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл иргэдийн цалин хөлснөөс авдаг хувь хүний орлогын албан татварыг бүрэн чөлөөлөв. 

3. Дөрөвдүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдийг орлогын албан татвараас бүрэн чөлөөлөв. 

4. Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд орлого нь багасаж байгаа ч ажлын байр хадгалж байгаа хувийн байгууллагын ажилтан бүрт 200 мянган төгрөгийн дэмжлэгийг гурван сарын хугацаанд олгоно. 

5. Малчдыг дэмжих зорилгоор, ноолуур худалдан авах аж ахуйн нэгжүүдэд 300 тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээл олгоно. Ингэхдээ ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс багасгахгүй байх чиглэлийг баримтална. Ингэснээр 233 мянган малчин өрх, цаашлаад сая гаруй хүний амьдралыг тэтгэх боломж бүрдэнэ гэдгийг Ерөнхий сайд мэдээллийн үеэр цохон тэмдэглэв. 

6. Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан 18 хүртэлх насны хүүхдэд олгодог 20 мянган төгрөг дээр нэмж 10 мянган төгрөгийг гурван сарын хугацаанд олгоно.

7. Шатахууны үнийг дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн литр тутамд 300-400 төгрөгөөр хямдруулах чиглэлээр АМГТГ болон холбогдох яаманд арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон хэмээн танилцууллаа. 


Монгол Улсын Засгийн газар хаврын тариалалтыг дэмжиж ажиллахын зэрэгцээ төсвийн тодотгол хийж, томоохон төсөл хөтөлбөрөө цуцлахгүй гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээллийн үеэр тэмдэглэв. Тэрбээр, “2016 онд маш хүнд нөхцөл байдлыг бид хүлээж авсныг дурсах нь зүйтэй. Дөрвөн жилийн хугацаанд бололцоотой бүх арга хэмжээг авч ажиллалаа. Тухайлбал, сүүлийн 2-3 жил эдийн засаг 6 гаруй хувиар өссөн. Түүнчлэн 8.2 их наяд төгрөгийн их өрийг төлж барагдуулсан. Газрын тосны үйлдвэр барих, Улаанбаатар хотын утаа, авто замууд, төв цэвэрлэх байгууламж зэрэг олон жил ярьсан том төслүүдийг хэрэгжүүлж байна. Үргэлжлүүлэх шаардлагатай олон улсын байгууллагатай хамтарч буй зарим ажил гацаж байгаа. Төсвийн тодотгол хийж бүтээн байгуулалтыг танах санаачилга нийтийн дунд байна. Үүнд бид хүндэтгэлтэй хандаж судалж байгаа ч цаана нь ажлын байр үгүй болох эрсдэлтэй. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих ёстой. Жилд 80 мянган хүүхэд төрж, 50 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгт орж байна. Хүн ам өсөхийн хэрээр бидэнд шинэ бүтээн байгуулалт хэрэгтэй болно. Эдгээр төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажил зогссоноор аж ахуйн нэгжүүдээ дампууруул руу түлхэх, эдийн засагт илүү эрсдэл учирна. Тиймээс төсвийн зардлыг хэвээр нь гаргах нь зүйтэй” хэмээв. 


"Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 275 тэрбум төгрөгөөр алдагдалтай явж байна. Таван их наяд төгрөгийн дээрх арга хэмжээнүүдийг Засгийн газрын төрийн сангийн мөнгөн хөрөнгийг удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх замаар бүрэн хэмжээгээр нь шийдэхээр төлөвлөсөн" гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцлон тэмдэглэв. Мөн ханш, имфляцийн түвшинд өөрчлөлт гарахгүй гэлээ. Учир нь Засгийн эрх авах үед нэг тэрбум ам.долларын валютын нөөцтэй байсныг 4.2 тэрбум болгож өсгөсөн. Үүнийг ийм эрсдэлтэй үед ашигладаг хэмээн Сангийн сайд мэдээллийн үеэр тодотголоо. Энэхүү бодлогын арга хэмжээг боловсруулахдаа олон улсын туршлагыг судлахын сацуу түнш улсуудтай явуулах эдийн засгийн бодлоготойгоо уялдуулсныг хэллээ. Тэрбээр, "Ийм хямралын үед алдаа гаргах эрх байхгүй, долоо хэмжиж нэг огтлох зарчмаар энэхүү бодлогын арга хэмжээг боловсруулснаа танилцуулж байна" хэмээв.


Засгийн газраас зургаан сарын хэмжээнд авах арга хэмжээг боловсруулсан ч үргэлжлүүлэн дахин зургаан сар эдийн засгийн хүндрэлийг саадгүй давж гарах тооцоо гарсныг онцолж байв. Мөн нүүрс, зэс, төмөр зэрэг ашигт малтмалаа БНХАУ руу экспортлохоор ярилцаж байгааг тэмдэглэв. БНХАУ-ын тал манай улсаас авдаг бүх импортын бүтээгдэхүүнээ үргэлжлүүлэн авахаа илэрхийлсэн байна. Өнгөрсөн хугацаанд тасалдсан төсвийн орлогын дийлэнхийг нүүрсний экспортын алдагдал эзэлж байна. Тиймээс хуучин байдалд оруулж эдийн засгаа эрүүлжүүлэх арга хэмжээг баримтлахаа  Ерөнхий сайд илэрхийллээ. 

Холбоотой мэдээ