Энэ онд 145 га талбайд нөхөн сэргээлт хийнэ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-03-30 14:31:41

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын дэргэдэх Сум дундын ойн ангиас ойжуулалт, нөхөн сэргээх ажлыг энэ онд Жаргалант, Цэнхэр, Булган сумын 145 га-д хийхээр төлөвлөжээ.

Өмнө нь энэ ажлыг 2016-2019 оны хооронд 12 сумын 265 га-д улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийсэн байна. Мөн байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг 2017-2019 онд зургаан сумын 310 га талбайд хийжээ.

Харин Ойн ангиас ойн ашиглалт, цэвэрлэгээ хөтөлбөрийн хүрээнд аймаг, сумдын ИТХ-аар батлагдсан ойгоос бэлтгэх хэрэглээний мод, галын түлээний хуваарийн дагуу сумдын мод бэлтгэх талбайг ойн цэвэрлэгээ хийх замаар талбай тусгаарлалт хийж, ойн цэвэрлэгээнээс гарсан модыг ашиглуулдаг байна. Ойн цэвэрлэгээний ажлыг 2018 онд 11 сумын нийт 128 га-д, 2019 онд 9 сумын 144 га талбайд ойн мэргэжлийн байгууллага болон ойн нөхөрлөлүүдээр хийлгэжээ.

Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр Цэнхэр, Булган, Жаргалант сумын хомсдол доройтолд өртсөн ойд цэвэрлэгээ хийж, ойжуулалт хийхээр 48 га талбайг сонгосон байна.

Холбоотой мэдээ