Стандарт хангаагүй мотоцикл аюул тээсээр...

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-03-31 19:56:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Урин дулааны улирал ирж мотоциклийн хэрэглээ ихэссэнтэй холбоотой зам тээврийн осол, зөрчил нэмэгдэж эхэллээ. Өнгөрсөн 7 хоногт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт шороон замд улсын дугааргүй мотоцикл унаж явсан 39 настай иргэн амиа алджээ. 

Мөн Дорноговь аймгийн Сайхандулаан сумын IV багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй "Dayun" маркийн мотоцикл онхолдож, уг мотоциклийг барьж явсан 37 настай эрэгтэй Б-гийн амь нас хохирчээ. Түүнчлэн Баянхонгор аймгийн Жинст сумын III багийн нутаг “Өвөр хоолой” гэх газар шороон замд улсын дугааргүй "Mustang-5" маркийн мотоцикл онхолдож, 30 настай эрэгтэй Б-гийн амь нас хохирсон ослууд гарав.


Сүүлийн 5 жилд мотоциклийн хэрэглээтэй холбоотой 1171 осол гарч, нийт 630 орчим хүн амь насаа алдаж, жилд дунджаар 116 хүний амийг авч байна. 


Улсын хэмжээнд 46.900 орчим мотоцикл бүртгэлтэй байгаагийн 90 орчим хувь нь орон нутагт байна. Эдгээр нь голдуу БНХАУ-аас хувиараа, албан бусаар оруулж ирсэн, стандартын бус тээврийн хэрэгсэл байгааг ТЦА мэдээлж байна. Энэ бол зөвхөн бүртгэгдсэн тоо нь. 


Хятад мотоциклийг хяная


Стандартын бус гэж ямар мотоциклийг хэлээд байна вэ. Үүнд БНХАУ-д үйлдвэрлэсэн, манай улсад ихэвчлэн оруулж ирж буй, техникийн чанарын стандарт хангаагүй, үйлдвэрлэж буй орны тухайн бүс нутагт баримталж буй стандартаар угсарсан байдаг аж.

Нэгд, ийм мотоцикл манай улсад зөвшөөрөгдөөгүй байдаг. Тодруулбал, ийм мотоциклийн дугуйн обудыг голдуу хайлшаар хийсэн байдаг. Ийм мотоциклийг засмал замд унахаас биш манайхан шиг дов сондуул ихтэй шороон замд хайлш нь цохигдсоор бутардаг аюултай аж. Мөн хүндийн жин нь доороо байрладаггүйгээрээ хятад мотоцикл аюултайд тооцогдож байна. 

Манай улсад мотоцикл худалддаг албан ёсны зөвшөөрөлтэй 2-3-хан ААН байна. Тэдний оруулж ирж буй мотоцикл үйлдвэрлэл болон хэрэглээний стандартын шаардлага хангасан байдаг бол стандартын бус, зөвшөөрөгдөөгүй мотоциклийг хүмүүс хувиараа оруулж ирсээр байна. Гаалийн мэдээллээр манай улсад жилд дунжаар 40-50 тэрбум төгрөгийн 35-40 мянган мотоцикл орж ирж байна. Үүний 80 хувь нь БНХАУ-ын, үлдсэн хувь нь Япон, Энэтхэг, АНУ, БНСУ-ынх аж. 

Нэг ёсондоо энд гаалийн бүрдүүлэлт хийж, татвар авахаас өөр улсаас тавьж буй техникийн хараа хяналт байдаггүй. Хувь худалдаачдаас мотоцикл худалдан авахад гаалийн бичиггүй, зөвхөн танилцуулга үзүүлэхээс хэтэрдэггүй байна.  


Түүнээс гадна мотоциклээс үүдэлтэй зам, тээврийн ослын голлох шалтгаанд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, иргэд мотоцикл барих жолооны эрхийн бичиггүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үед жолоодож буй зөрчлүүд ихэвчлэн ордгийг цагдаа болон автотээврийн байгууллагаас мэдээлж байна. Замын хөдөлгөөний дүрмээр мотоциклийн дээд хурд 60 км байдаг бол манайд дээрх хурдыг хэтрүүлж буй нь осол аваар гаргах бас нэг үндэс болдог байна.  




2018 онд л гэхэд, мотоциклийн зам тээврийн 552 осол бүртгэгдсэнээс 265 хүн гэмтэл, бэртэл авч, 116 хүний амь эрсэджээ. Энэ нь зөвхөн ТЦА-нд бүртгэгдсэн осол зөрчил. Бодит амьдрал дээр энэ тоо хол зөрүүтэй. Учир нь малчид амь насанд тулах бэртэл, гэмтэл аваагүй л бол осол чинээ бодолгүй өнгөрдөг. 


Стандарт хангасан мотоциклийг импортолъё


Мотоцикл нь шатахуун бага зарцуулдаг, хол газрыг богино хугацаанд туулдаг, унахад хөнгөн, үнэ хямд, сэлбэг нь элбэг байдаг гэсэн "шалтгаан"-аар хөдөөгийнхөн сонгож, малчдын ахуй амьдралд эрэлттэй байдаг ч түүний цаана амь насаа даатгах аюулыг тээсээр...Үүнийг манайд хаана хаанаа бодолцон стандартын, баталгаатай, чанартай техник хэрэглэх, ийм мотоциклийг хилээр нэвтрүүлж, стандартын бусыг нь хянан хориглох цаг хэдийнэ болсныг жил бүр гардаг осол аваар сануулсаар байна. Тиймээс манай улсад иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хангахын тулд: 

  • Импортлох мотоциклийн квот буюу тоо хэмжээг тогтоох,
  • БНХАУ-аас гадна Япон, Энэтхэг, АНУ, Герман, БНСУ-д үйлдвэрлэсэн чанартай мотоцикл оруулж ирэх, 
  • Оруулж ирж буй мотоциклийн бүрэн бүтэн байдал, техникийн аюулгүй байдал, стандартын шаардлагыг хангасан байдлыг эрх зүйн баталгаатай болгон үүнийг хил, гаалиас аваад мэргэжлийн хяналтын байгууллага хянаж байх.
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд хөдөөгийн замд мотоциклийн хурдын дээд хэмжээг тогтоож, аюулгүй ажиллагаа болон хэрэглээнд зориулсан стандартыг баталж мөрдүүлэх хэрэгтэй байгааг мэргэжлийн байгууллага зөвлөж байна.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал


Холбоотой мэдээ