Б.Гантулга: Монгол бөхөнгийн 70 хувь нь ихэрлэдэг
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/.
Манай улсад хамгийн
сүүлийн судалгаагаар 5070 монгол бөхөн тоологджээ. Дэлхийн байгаль хамгаалах
сангаас энэ амьтныг хамгаалах болсноос хойш 2014 онд 15 мянган тоо толгой болтлоо
сэргэж байв. Гэвч мялзан өвчин, ган зудны улмаас 2018 онд 3000 болтлоо хорогджээ. Монгол бөхөн хамгаалал, судалгааны талаар Монгол дахь Дэлхийн байгаль
хамгаалах сангийн Биологийн мэргэжилтэн доктор Б.Гантулгатай
ярилцлаа.
-МОНГОЛ БӨХӨНГ 2 САЯ ЖИЛИЙН ӨМНӨ ҮҮССЭН ГЭЖ ҮЗДЭГ-
-Хамгийн сүүлийн тооллогоор монгол
бөхөнгийн тоо толгой хэд байна вэ. Ер нь устаж үгүй болж байгааг ямар үзүүлэлтээр тодорхойлдог юм бэ?
-Монгол бөхөнгийн тоо толгой энэ оны нэгдүгээр сард хийсэн судалгаагаар 5000 гаруй байна. Зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр, тэр дундаа Говь-Алтай, Ховд аймгийн нутагт амьдардаг, эндемик зүйл юм. Дэлхийд бөхөнгийн хоёр салбар зүйл байдаг. Нэг нь “сайга татарика” буюу соргог бөхөн, нөгөөх нь “сайга татарика монголика” буюу монгол бөхөн. Казахстан болон ОХУ-ын нутагт соргог бөхөнгийн төрөл байдаг. Эдгээр дэд зүйл нь амьдрах орчны хуваагдал, хууль бус агнуур, гэрийн малтай бэлчээр, тархац нутгаар давхцах зэрэг шалтгааны улмаас хорогдож байна. Монгол бөхөнг дэлхийн байгаль, байгалийн нөөцийг хамгаалах олон улсын холбооноос 2002 онд Улаан номд бүртгэхдээ эмзэг гэсэн ангилалд тэмдэглэсэн. Монгол Улсын хувьд, 1930-аад оноос эхлэн агнахыг хориглож, дархан цаазтай амьтны тоонд оруулж хуулиар хамгаалсан.
-Танай байгууллагын
2010-2012 онд хийсэн судалгааг харахад монгол бөхөнгийн тоо толгой 8000 орчим тоологдсон
байна. Одоо 5000 орчим байна гэхээр улам л цөөрөөд байгаа байх нь?
-Манай байгууллага сүүлийн 20 жилийн турш монгол бөхөнгийн тоо толгойд мониторинг судалгаа хийж байна. Монгол бөхөнгийн тоо толгой 2001-2002 оны зуднаар эрс цөөрч 750 орчим бодгаль үлдээд байв. Үүний дараа хамгаалах ажлыг эрчимтэй идэвхжүүлсний үр дүнд 2014 он гэхэд 15 мянган тоо толгой болж сэргэсэн. Аажим цөөрсөөр 2016 он гэхэд 11 мянга болоод байв. Харамсалтай нь, 2016-2017 онд гарсан мялзан өвчний улмаас тоо толгой нь 55 хувиар цөөрч ойролцоогоор 5000 орчим үлдсэн. Дараа нь 2018 оны эхээр дөрвөн хоног дараалсан цасан шуурганы улмаас тоо толгой 40 хувиар үрэгдэж 3000 хүрэх үү, үгүй юу болоод байлаа. Харин өнгөрсөн жилийн зуншлага, өвөлжилт сайн байснаас тоо толгой нь эргээд 5070 болж нэмэгдээд байгаа сайн мэдээтэй байна.
-Монгол бөхөн нь ер
нь хэдий үеэс үүсэж бий болсон амьтан бэ. Идэш тэжээлийн хувьд, ямар ургамлаар
хооллодог вэ?
-Бөхөнгийн
маш олон зүйл амьдарч байсныг судалж тогтоосон байдаг. 1760-1953 оны хооронд 10 зүйл бөхөн
байгааг тогтоожээ. Үүнээс бөхөнгийн есөн зүйл нь
устаж, дээр хэлсэнчлэн одоо
нэг зүйлийн 2 салбар
зүйл байна. Бөхөнг археологи судалгаанаас үндэслэн, ойролцоогоор хоёр саяас 700
мянган жилийн өмнөөс үүссэн гэж зарим судлаачид үздэг.
Монгол бөхөн говьд зохицсон, цөлийн амьтан юм. Тиймээс говийн багалуур, бударгана зэрэг ургамлаар голчлон хооллодог.
-Аливаа амьтад эх
дэлхийтэйгээ хоршин экологийн тэнцвэрт байдлыг хадгалж байдаг. Харин монгол
бөхөн говийн байгаль экологийн тэнцвэрийг хангахад ямар ач холбогдолтой вэ?
-Мэдээж,
монгол бөхөн говийн махчин амьтдын хоол тэжээлийн гинжин хэлхээний нэгээхэн
хэсэг. Нөгөө талаар, сүрэглэж бөөнөөр явдаг тул бэлчээрийн ургамлыг эргэлтэд оруулж хорголоороо говь цөлийн бүсийн
хөрсийг бордон ургамлан нөмрөгийн бүтээмжид сайнаар нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, говийн ургамлын
үрийг тараах, хөрсийг сийрэгжүүлэх зэрэг ач холбогдолтой. Туурайгаараа ухсан
нүхэнд нь өөр ургамлын үр үндэслэх зэргээр бэлчээр нөхөн сэргэхэд ихээхэн үүрэгтэй
амьтан.
-МОНГОЛ БӨХӨН 90 КМ/Ц ХУРДАЛДАГ-
-Бөхөнгийн хоёр дэд
зүйл байдаг гэж хэлсэн. Сайга татарика
монголика буюу монгол бөхөнгийн ялгаа нь юу вэ?
-Бөхөн нь бартаа саад багатай говийн нутагт дасан зохицсон. Учир нь зэрлэг махчин амьтдаас биеэ хамгаалахаар маш хурдан гүйж зугтаадаг. Хамгийн ихдээ 90 км/ц хүртэл хурдаар 5-10 минутын турш гүйж чадна. Үүнтэй холбогдож нэгэн зохицол үүссэн нь хамрын хөндий юм. Бөхөнгийн хамрын хөндий нь том самалдагтай байдаг. Хамрын хөндийн самалдагын цусны хялгасан судсууд нь хүйтэн агаарыг маш хурдан хугацаанд бүлээцүүлж уушгинд хүргэдэг. Тиймээс өвлийн хүйтэнд ч маш удаан хугацаагаар хурдан гүйж чаддаг байна.
-Монгол бөхөнг
зөвшөөрөлгүйгээр агнасан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
-10 гаруй
жилийн өмнө хууль бус агнуур нэлээд их байсан. Харин сүүлийн үед хууль
чангарсантай холбоотойгоор энэ нь эрс багассан. Жилдээ нэгээс хоёр тохиолдол гарч байна. 2017
онд мялзан өвчний үеэр хоёр тохиолдол гарч байсан. Харин сүүлийн нэг жилийн хугацаанд
хууль бус агнуур огт гараагүй. Хуульд зааснаар, нэн ховор амьтныг агнах, тэр
байтугай эд эрхтэнийг нь цуглуулах, тээвэрлэх, хадгалах, борлуулахыг завдсан бол
эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Үүнээс гадна экологи, эдийн засгийн үнэлгээг
хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгуультай. Хууль талаасаа
хангалттай сайн хамгаалагдсан.
Хууль чангарснаас гадна, сүүлийн жилүүдэд сургалт, сурталчилгааны ажил өрнүүлж, иргэдэд хууль таниулах, бөхөнгийн талаар эерэг мэдээлэл өгөх зэрэг ажил эрчимтэй өрнөсөн.
-Цагаан баавгай,
панда гэх зэрэг нэн ховордсон амьтны тухай дэлхий нийтээрээ ярьдаг. Үүний
адилаар Монголын ховордоод байгаа мазаалай, бөхөн, тахь зэрэг амьтдын тухай
дэлхий нийтийн анхааралд хүргэхэд Монгол дахь Дэлхийн байгаль хамгаалах сан
ямар ажил хэрэгжүүлж байна вэ?
-Монгол дахь Дэлхийн байгаль хамгаалах сангийн салбар маань 2016 оноос говийн ховордсон таван амьтныг хамгаалах зорилгоор “Говийн гайхамшигт 6” хэмээн санаачилгыг бий болгосон. Энэ хүрээнд тухайн орон нутгийн байгаль хамгааллын холбогдох байгууллагын хамтын ажиллагааг уялдуулах болсон. Ингээд нэгдсэн журмаар ховордсон зүйл, амьтныг хамгаалах ажлыг зохицуулж, хөрөнгө мөнгө татах, бусад мэдээллийг хүргэх зорилттой ажиллаж байна.
-Танай байгууллагаас
монгол бөхөнгийн баг өмссөн хүн гудамжаар алхаж олны танил эрхмүүдтэй зураг
авахуулах зэргээр мэдээлэл өгөх ажил өрнүүлж байгааг олон нийтийн цахим сүлжээнээс
анзаарсан?
-Дэлхийн байгаль хамгаалах сангаас “Бөхөндэй” гэсэн аяныг зохион байгуулж байна. Үүний гол зорилго нь монгол бөхөн гэж ямар амьтан байдаг, нэн ховордоод байгаа, ямар аюул заналхийлэл тохиож байгааг иргэдэд таниулах, мэдээлэл өгөх зорилготой.
-Биологийн талаас
нь монгол бөхөнг нутагшуулах, өсгөж үржүүлэх зэрэг судалгаа хийж байсан туршлага
манай улсад байдаг уу?
-Монгол бөхөнг
1984-1988 он хүртэл Алтайн өвөр говьд сэргээн нутагшуулах ажлыг улсын бодлогоор
өрнүүлж байв. Харин социализм нурснаас хойш энэ ажил тэг зогсож тэнд
нутагшуулсан цөөн хэдэн зүйл устаж үгүй болсон. Харин сүүлийн жилүүдэд Дэлхийн
байгаль хамгаалах сангаас БОАЖЯ болон бусад хамтрагч байгууллагуудтай хамтран
монгол бөхөнг сэргээн нутагшуулах ажлыг төлөвлөж байна. Ингэснээр, гол цөм популяциас
тусдаа популяц үүсгэх юм. Мялзан зэрэг аливаа өвчин, ган зудаар аль нэг популяци
нь устсан бол нөгөө популяциар нь сэргээх зэргээр устаж, үгүй болохоос
хамгаалах зорилготой.
-МЯЛЗАН ӨВЧИН ДАХИН ДЭГДВЭЛ МОНГОЛ БӨХӨН ИХЭЭР ХОРОГДОНО-
-Монгол бөхөнг
1930-аад оноос хамгаалсан ч мялзан өвчин дэгдэхийг тооцож, урьдчилан сэргийлж
байгаагүй хэрэг үү?
-Мялзан өвчин Монгол Улсад анх удаа 2006 онд гарсан. Тэр дундаа зэрлэг амьтанд анх удаа халдварласан тохиолдол. Энэ өвчний эсрэг тэмцэхэд өмнө нь ямар нэгэн туршлага байгаагүй. Гэхдээ 2006 онд Дэлхийн байгаль хамгаалах сангийн санаачилгаар, байгаль орчны яам болон орон нутгийн холбогдох байгууллагын шуурхай ажлын баг байгуулж ажилласан. Тухайн шуурхай баг хорио цээр тогтоох, өвчнөөр үрэгдсэн амьтны сэг зэмийг устгаж ариутгах, халваргүйжүүлэх ажлыг цаг алдалгүй зохион байгуулсан.
-Энэ амьтны тоо
толгой хорогдох өөр эрсдэлт хүчин зүйл байгаа юу?
-Цаг уурын нөхцөл байдал, өвчин хэзээ өөрчлөгдөхийг тааварлах аргагүй. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, хоёр гурван жилийн дараа мялзан өвчин дахин гарах магадлалтай. Учир нь өмнөх өвчний дэгдэлтийн үед дархлаа тогтсон бодьгалууд нь үрэгдэж, шинэ дархлаагүй бодьгалууд нь популяцийн дийлэнхийг эзэлж байгаа юм. Тийм болохоор тухайн өвчин дахин гарвал бөхөнгийн тоо толгой их хорогдох эрсдэлтэй.
-Вакцин тарих
зэргээр мялзан, мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж бий юу?
-Монгол бөхөн байгалийн амьтан учраас барьж вакцинжуулна гэдэг боломжгүй. Хамгийн гол сэргийлэх арга зам нь гэрийн малыг маш сайн вакцинжуулах, өвчин гарсан нутагт голомтыг дарах нь зайлшгүй хэрэгжүүлэх ажил.
-Тэгэхээр, монгол
бөхөн халдварт өвчнийг гэрийн малаас авсан гэж ойлгож болох уу?
-Яг гэрийн малаас халдварласан гэдэг
нь батлагдаагүй ч монгол бөхөнгийн тархац нутгийн орчимд гэрийн мал аль 2016
оны наймдугаар сарын үед халдвар авч эхэлсэн. Харин монгол бөхөн тухайн оны 12
дугаар сараас энэ халдварт өвчнөөр үрэгдэж эхэлсэн нь ийм магадлалыг дэвшүүлж байгаа
юм.
-МОНГОЛ БӨХӨН БУЛАГ ШАНДААС УНДААЛАХ БОЛОМЖ ХОМС-
-Мэдээж, говийн бүс
нутагт усны нөөц хомс. Монгол бөхөнг өсгөн нэмэгдүүлэхийн тул амьдрах таатай
орчныг бүрдүүлэх нь чухал. Дэлхийн байгаль хамгаалах сангаас энэ чиглэлд ямар
ажил өрнүүлж байгаа вэ?
-Монгол
бөхөнгийн тархац нутагт ил задгай булаг шанд цөөтэй. Булаг шандад айл ойрхон
байрласнаар, бөхөн усанд ойртож, ундаалах боломж хомсоддог. Тиймээс Дэлхийн
байгаль хамгаалах сангаас ширгэж, хатаж буй сүйдсэн булаг шандыг хашиж, сэргээж
байна.
Ойрын хугацаанд хийх шаардлагатай хамгийн чухал ажил бол монгол бөхөнг аль болох булаг шанд руу ойртох боломжийг нь хангах юм. Ингэхдээ булаг шандын ойролцоо зусдаг, хаварждаг айлуудыг зайдуу байлгах шаардлагатай байна. Ингэснээр, энэхүү популяцийг устаж үгүй болох эрсдэлээс хамгаална.
-Бөхөнгийн гол
дайсан нь цармын бүргэд гэж сонссон. Энэ нь ямар учиртай вэ?
-Бөхөн бусад туруутан амьтдын адилаар богино хугацаанд олноороо төллөх байгалийн зохилдлоготой. Ингэснээр махчин амьтдад цөөн тооны үр төлөө алддаг. Олноороо нэг хугацаанд төллөсөн тохиолдолд махчин амьтад бүгдийг нь барьж идэж чадахгүй шүү дээ. Ихэнх нь эсэн мэнд үлддэг. Гол төллөлтийн үед цармын бүргэд, чоно, зарим тохиолдолд үнэг, хярс зэрэг амьтан үр төлийг нь барьж иддэг.
-Төллөх хугацаа нь
хэдийгээр байх вэ?
-Зургаадугаар сарын дундуур
ойролцоогоор 1-2 долоо хоногт төллөдөг. Бэлчээр сайтай, өвөлжилт сайн жилүүдэд
бөхөнгийн 70 орчим хувь нь ихэрлэдэг. Энэхүү судалгааг Б.Бүүвэйбаатар гэж судлаач
хийсэн байна билээ.
Ер нь монгол бөхөн бусад туруутан амьтдыг бодвол нөхөн төлжих чадвар сайтай ч өөрөө маш эмзэг, байгалийн хүчин зүйлд өртөж үрэгдэх тохиолдол их байдаг.
-Хээл тээх хугацаа
нь ямар байдаг вэ?
-Бөхөнгийн ороо нь 12 дугаар сарын дундуур эхэлж зургаадугаар сарын дунд үеэр төллөдөг. Өөрөөр хэлбэл хээлээ ойролцоогоор 5-6 сар тээдэг гэж болно.
-Ойролцоогоор хэр
удаан амьдардаг амьтан бэ?
-Насыг яг
таг тогтоосон судалгаа байхгүй ч дунджаар тав орчим жил амьдардаг гэсэн
судалгаанууд бий. Гэхдээ цаашид судалбал, 10 жил ч амьдардаг байж мэднэ.