21 аймгийн эмнэлэгт тоног төхөөрөмж нийлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-02 14:43:43
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын нөөц хөрөнгө болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 21 аймгийн эрүүл мэндийн төвд эмнэлгийн тоног төхөөрөмж өнөөдөр нийлүүлэв.


Тодруулбал, аймаг тус бүрт нэг амьсгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, халууны шил, утлагын аппарат зэрэг шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж байна. Түүнчлэн Сэлэнгэ болон Улсын гуравдугаар эмнэлэгт зөөврийн рентгэн аппарат нийлүүллээ.



Тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын суурин төлөөлөгч, доктор Сергей Диордица нар 21 аймгийн эмнэлгийн удирдлага, төлөөлөгчдөд гардуулав. Энэ үеэр Д.Сарангэрэл сайд хэлэхдээ, “Хамгаалах хэрэгслийн хувьд дэлхийн бүх улс орон хангамж муутай байна. Манай улс ч хувийн хамгаалах хэрэгслийн хангамж багассан. Хамгийн түрүүнд эмнэлгийн салбарын ажилчдад хувийн хамгаалах хэрэгсэл олгох шаардлагатай. Тиймээс ирж байгаа тусламж дэмжлэгийг аль болох эрүүл мэндийн салбарт төвлөрүүлэх хэрэгтэй байна” хэмээлээ.


Засгийн газрын нөөц хөрөнгөөр өмнө нь 4.2 тэрбум төгрөгөөр эхний ээлжинд 17 лавлагаа шатны дүүргийн эмнэлэгт шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, зарим тоног төхөөрөмжийг худалдан авчээ. Харин орон нутгийн эмнэлгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаагүй байжээ. Тиймээс Засгийн газраас нөөц хөрөнгө гаргахын сацуу Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлж байсан төслөөс дахин төлөвлөлт хийх замаар орон нутагт тоног төхөөрөмж нийлүүлэх бололцоо гаргасан гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл онцлов. Үүнд мөн Дэлхийн банк хандиваа тусгасан гэдгийг тэмдэглэлээ.


Тоног төхөөрөмж хүлээн авахаар ирсэн эмнэлгийн төлөөлөл, удирдлагууд шинэ коронавирусний халдварын эмчилгээний арга барилын талаар эмч Б.Дармаа, Ц.Чинбаяр нараас онлайнаар сургалт авах юм байна.

Холбоотой мэдээ