Үлийн цагаан оготны тархац, тэмцэх аргын судалгаа хийж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-04-02 20:05:36

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Доктор, дэд профессор Х.Батнаран, Эрдэм шинжилгээний ажилтан Г.Мөнхчулуун нар Говь-Алтай аймгийн үлийн цагаан оготны тархац, тэмцэх аргын судалгаа хийж байна.


Уг судалгааны ажлыг тус аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбатын санаачилгаар 16 суманд дөрөвдүгээр сарын хоёрноос эхлүүллээ. Бэлчээрийн хөнөөлт дайсан үлийн цагаан оготныг тодотгох судалгааг хийснээр дээрх мэрэгч амьтантай тэмцэх газар нутгийн нийт талбай, тэмцэх арга тодорхой болохоос гадна холбогдох ажлын хэсэгт мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллах юм.


Өнгөрсөн оны 11 дүгээр сард тус аймгийн Баян-Уул, Бигэр, Дарив, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Төгрөг, Халиун, Цогт, Цээл, Чандмань, Шарга, Эрдэнэ, Есөнбулаг сумын үлийн цагаан оготнотой тэмцэн устгах ажил хийсэн байна. Уг ажилд 33,900,000 төгрөгийг шийдвэрлэж, бактержуулсан будаа, хөдөлмөр хамгааллын хувцас гэх мэт зүйлсэд зарцуулжээ.


Холбоотой мэдээ