Тайвширч, анхаарлаа сулруулахгүй байхыг иргэдэд сануулав

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2020-04-10 13:00:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр /2020.04.10/ аж ахуй нэгжүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар танилцуулав.


Тус газраас зөрчил гаргасан 11 аж ахуй нэгжид нийт 14 сая төгрөгийн торгууль ногдуулж тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээ авах юм байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 4289 үйлчилгээний газарт цаг баримталж, стандарт хангаж буй эсэхэд хяналт тавихад цаг хэтрүүлсэн долоо, төрийн албан хаагчийн шаардлага биелүүлээгүй хоёр зөрчил илэрчээ.

.


Сүүлийн үед худалдан авалт буурсантай холбоотой бараа бүтээгдэхүүний хаяг шошго солих, жижиглэн савлаж буй хугацаа нь дуусаж буй бүтээгдэхүүнийг савыг өөрчлөх зэрэг зөрчлийг аж ахуй нэгжүүдээс гаргах болжээ. Тухайлбал, Наяара кафе хугацаа нь дууссан 20 сая төгрөгийн шоколад борлуулах гэж байсныг илрүүлж  устгалд оруулсан байна. Иймд  хүнсний худалдааг хязгаарлаагүй тул худалдаа эрхлэгчид сүлжээ шат бүхэнд дотоодын хяналт тавьж байхыг зөвлөв.


Хэдийгээр аж ахуй нэгжүүдээс илэрч буй зөрчлийн хэмжээ буурсан ч үйлчилгээний байгууллагууд ариутгал халдваргүйжүүлэлтийг хангалтгүй хийх, амны хаалтын  хэрэглээ суларч, бага насны хүүхдээ дагуулан олон нийтийн газраар явах зэргээр иргэдийн анхаарал суларч эхэлснийг мэргэжлийн хяналтын улсын байцаагчид онцолж байна. Иймд халдварын эрсдэлтэй нөхцөлд иргэдийг тайвширч, анхаарлаа сулруулахгүй байхыг онцлон анхааруулав.


Мэргэжлийн хяналтын байгууллагаас коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Замын-Үүд, Алтанбулаг боомтод хилээр нэвтэрч буй импортын бараа бүтээгдэхүүн, нүүрс тээврийн жолооч нарт хяналт тавин ажиллаж байгаа аж.


Тодруулбал, Замын-Үүд боомтоор нүүрс тээвэрлэлт хийж буй нийт 378 жолоочид коронавирус илрүүлэх шинжилгээ хийж, халдвар хамгааллын дэглэмийг сахих арга хэмжээг авчээ. Халдварын голомтот бүс нутгаас ирж буй жолооч нарт хамгаалах хэрэгслийн хувцас өмсүүлж цагдаа нарын хяналтад авч байгаа юм. 


Мөн Алтанбулаг боомтоор нэвтэрсэн 103 жолоочоос 73 нь тусгаарлах байрт эмнэлгийн хяналтад байгаа аж. Мөн Замын-Үүд боомтоор импортын 28,335 тонн бараа бүтээгдэхүүнд хяналт тавьжээ. Энэ үеэр БНХАУ-аас нийлүүлсэн  3,5 тонн таримал цэцгээс зургаан төрлийн цэцэгт шүлхий илэрсэн тул 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Холбоотой мэдээ