Хууль сахиулах тухай хуулийн төслийг ахмад хурандаа нар хурцаар шүүмжлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-05-02 14:37:58

Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхдээ УИХ-ын ирц  бүрдээгүй үед, эзгүй гишүүдийнхээ кнопыг нууцаар даран батлах гэж оролдсон нь " Хууль тогтоох эрх мэдэлд халдсан үйлдэл боллоо" хэмээн үзэж буйгаа хууль хяналтын байгууллагад ажиллаж байсан ахмад хурандаа нар илэрхийлэв.

"Монгол хурандаа" нийгэмлэгт багтдаг ЦЕГ, ТЕГ-ын Ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн ахмадууд дээрх хуулийн төслүүдэд "... баримт бичиг шалгах, тээврийн хэрэгслийг зогсоож шалгах, согтуурсан, мансуурсан байдлыг шалгах, орон байр, бусад газарт нэвтрэн орох, гамшиг, хорио цээрийн дэглэм тогтоосон үед нийтийн хэв журам сахиулах, жагсаал, цуглааныг албадан тараах" болон “...гэмт хэргийг таслан зогсоох, гэмт хэрэг үйлдсэн даруйд нь мөрдөн хөөж баривчлах, эсхүл эрэн сурвалжлагдаж байгаа хүн, оргон зайлсан, оргосон яллагдагч, шүүгдэгч, ял шийтгүүлсэн хүн, хоригдлыг мөрдөн хөөж баривчлахаас бусад тохиолдолд холбогдох хууль сахиулагч бусдын орон байр, бусад газарт зөвшөөрөлгүй нэвтрэн орохыг хориглохоор тусгах нь зүйтэй... “ гэж заасан нь Үндэсний аюулгүй байдалд харшлах ноцтой асуудал гэдгийг онцлов. Мөн гүйцэтгэх ажилтай холбоотой бүлэг, хэсэг шинээр нэмсэнд ахмад хурандаа нар эмзэглэж буйгаа илэрхийлэв. Онц ноцтой, зохион байгуулалттай, авлига албан тушаалын гэмт хэргүүд болон тагнуул туршуултай холбоотой хэргийг илрүүлж нотлохын тулд нууц далд, гүйцэтгэх ажиллагаа явуулдаг. Гэтэл гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан мэдээлэл, баримтыг нотлох баримтад тооцохгүй гэсэн нь "Ноцтой гэмт хэргүүдтэй Монгол Улс тэмцэхгүй гэж албан ёсоор зарласан хэрэг боллоо" гэх хатуухан үгийг ч тэд хэлэв.

Гүйцэтгэх ажлын үе шат бүрийг прокурор хянадаг бол төрийн нууц задрах, мэдээллийн нууц алдагдах өндөр эрсдлийг бий болгоно. Мөн архивын мэдээ, мэдээлэлд чөлөөтэй нэвтэрч үзэх боломжийг хуулиар прокурорын байгууллагад олгох нь буруу. Учир нь төрийн нууц задрах, тухайн ажиллагаанд оролцсон тусгай албадын ажилтан, мэдээлэгчийн нууц алдагдах, амь насанд аюул үүсэх олон эрсдэлтэйг ахмад хурандаа нар сануулав.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ