БНСУ-д парламентын сонгуулийн санал хураалт эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-04-15 10:51:12

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д өнөө өглөөний 06 цагаас оройны 18 цаг хүртэл орон даяар 14330 санал авах байр ажиллана гэж тус улсын Сонгуулийн үндэсний комисс мэдээллээ. Энэ удаагийн сонгуульд 44 сая сонгогч санал өгөх эрхтэй юм. 


БНСУ-д Үндэсний ассамблейн 300 гишүүнийг сонгох парламентын сонгуулийг дөрвөн жил тутам зохион байгуулдаг бөгөөд тэдгээр суудлын 253-ыг нь сонгогчид шууд сонгодог.


“COVID-19” халдварын тархалтын хязгаарлах үүднээс олон нийтийг шинжилгээнд хамруулж, тусгаарлалтад оруулж байгаа энэ үед парламентын сонгууль болж байна.


БНСУ-д халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн өдрүүдэд 30 орчимд хүрч буурсан бөгөөд халдварын нийт 10564 тохиолдол бүртгэгджээ.


Өглөөний 09 цагийн байдлаар 3.54 сая гаруй хүн буюу нийт сонгогчдын 8 хувь нь саналаа өгснийг дөрвөн жилийн өмнөх парламентын сонгуулийн мөн үеийнхтэй харьцуулахад 0.9 хувиар нэмэгджээ. Одоогоор саналаа өгсөн хүний тоонд өнгөрсөн долоо хоногт явуулсан урьдчилсан санал хураалтад оролцсон хүмүүс болон гадаадын орнуудаас саналаа өгсөн БНСУ-ын иргэдийн тоог оруулаагүй байна. Тэдний тоог 13 цагаас нийт тоонд оруулж эхэлнэ.


Сонгуулийн үндэсний комиссын мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногийн баасан, бямба гарагт явуулсан урьдчилсан санал хураалтын ирц харьцангуй өндөр буюу 26.69 хувь байжээ. Үүнийг халдвар тархсан энэ үед хүмүүс бөөнөөр цуглахаас зайлсхийх үүднээс саналаа эрт өгөхийг илүүд үзсэнтэй холбоотой гэж үзэж байна.



Энэ удаагийн сонгуулийн сонгогчдын ирц 60 хувь давах эсэх нь олны анхаарлыг ихэд татаж байсан боловч урьдчилсан санал хураалтын ирцээс үзэхэд сонгогчдын ирц урьдчилсан таамаглалыг давах төлөвтэй байна.


БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний Засгийн газраас авч хэрэгжүүлж буй халдварын тархалтын эсрэг арга хэмжээнүүд эерэгээр үнэлэгдэж байгаатай холбоотойгоор эрх баригч Ардчилсан нам ялалт байгуулах магадлал өндөр байна хэмээн олон нийт таамаглаж байгаа ажээ.


Эдийн засгийн үзүүлэлтүүд саарч, Хууль зүйн сайд Чо Куктэй холбоотой улс төрийн дуулиан дэгдсэний улмаас Мүн Жэ Иний Засгийн газрын дэмжигчдийн түвшин буураад байсан боловч “COVID-19”-өөс үүдэлтэй хямралыг зохицуулах чиглэлд гаргаж буй Засгийн газрын хүчин чармайлт олон нийтийн үзэл бодлыг өөрчилж, сүүлийн санал асуулгуудын дүнгээр Мүн Жэ Иний дэмжигчдийн түвшин өсжээ. Ардчилсан нам хамгийн багадаа 147 суудал авахыг эрмэлзэж байгаа юм.


Сонгуулийн үндэсний хороо санал авах байрнуудад сонгогчдын аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьж байгаа бөгөөд сонгогчид амны хаалт зүүж, орох хаалган дээр халуунаа шалгуулах шаардлагатай ажээ. Мөн тэд гараа ариутгаж, саналаа өгөхийн өмнө нэг удаагийн гялгар бээлий өмсөх ёстой байна. Түүнчлэн зайнаас харилцах дүрмээ баримталж, бусдаасаа нэг метрийн зайтай зогсохыг зөвлөжээ.


Засгийн газар өөрийгөө тусгаарлаж буй хүмүүсийн санал өгөх боломжийг бүрдүүлэх үүднээс тусгаарлалтын дүрмүүдийг түр хугацаагаар цуцалжээ. Үүний дагуу өөрийгөө тусгаарлаж байгаа, халдварын шинж тэмдэг илрээгүй, санал өгөх эрмэлзэлтэй хүмүүс оройны 18 цагаас өмнө саналаа өгөх боломжтой юм. Тус улсад 50 мянга гаруй хүн өөрийгөө тусгаарлаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ