Азийн хөгжлийн банк цар тахлын эсрэг санхүүжилтээ гурав дахин нэмлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банк /COVID-19/ цар тахлын эсрэг эхний ээлжинд 6.5 тэрбум ам.долларын санхүүжилтийг 3 дугаар сарын 18-ны өдөр баталсан. Энэхүү цар тахлын нөлөөгөөр гишүүн орнуудад макро эдийн засаг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой хор хохирол учирсаар байгаа тул 13.5 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэсэн байна.
Нийт 20 тэрбум ам.доллларын санхүүжилтийн багцад хөнгөлөлттэй нөхцөлтэй болон буцалтгүй тусламжийн 2.5 тэрбум ам.долларын санхүүжилт багтаж байгаа юм.
"Энэхүү цар тахал нь Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын эдийн засаг, нийгэм, тогтвортой хөгжлийн чиглэлээр олсон ахиц дэвшилд аюул учруулж, ядуурлыг бууруулах хүрээнд гаргасан ололт амжилтыг сулруулан, улмаар эдийн засгийн гүнзгий хямрал бий болгож байна” хэмээн АХБ-ны Ерөнхийлөгч Масацугу Асакава мэдэгдээд “Санхүүжилтийн энэхүү өргөтгөсөн багц дэмжлэг нь АХБ-ны Захирлуудын зөвлөлийн хүчтэй дэмжлэгийн үр дүн болох бөгөөд шуурхай, уян хатан, үр нөлөөтэй байдлаар хэрэгжиж, хөгжиж буй гишүүн орнуудын төр, хувийн хэвшилд цар тахлын болон эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад нь бодитой дэмжлэг болох болно” гэж онцлон тэмдэглэв.
Энэ сарын 3-нд танилцуулсан АХБ-ны шинэчилсэн үнэлгээгээр дэлхийн эдийн засагт цар тахлын үзүүлэх сөрөг нөлөө нь ДНБ-ний 2.3-4.8 хувьтай тэнцэхээр байгаа бөгөөд Азийн эдийн засгийн өсөлт өнгөрсөн оны 5.2 хувиас эрс саарч, 2020 онд 2.2 хувь болж буурах төсөөлөлтэй байна.
АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.