Сургууль, цэцэрлэгийн халаалтыг зогсоолоо

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-04-20 12:49:00
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-аас Дулаан хангамжийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудад сургууль цэцэрлэгийн халаалтыг зогсоох тухай албан бичиг хүргүүлжээ.

УОК-ын шийдвэрээр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын нэгэн хүртэл хугацаагаар хойшлуулж, тэдгээрийн халаалтыг зогсоох тухай шийдвэр гарсан. Тиймээс аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 19 сургууль, 22 цэцэрлэг, БТСГ-ын халаалтыг дөрөвдүгээр сарын 16-наас эхлэн зогсоох талаар ийнхүү мэдэгдэл хүргүүлсэн байна.

Тус аймгийн хэмжээнд Мандалговь хотоос гадна 11 сум төвлөрсөн халаалтын системд холбогдсон бөгөөд жирийн үед тавдугаар сарын нэгнээс эхлэн халаалт зогсдог. Харин онцгой нөхцөл байдлын энэ үед сургууль, цэцэрлэг орохгүй байгаа учраас 15 хоногийн өмнөөс халаалтыг ийнхүү зогсоож байгаа аж.

Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ хэлэхдээ “нэгэнт хүүүхдүүд хичээллэхгүй байгаа учраас сургууль, цэцэрлэгийн халаалтыг зогсоох нь төсвийн хэмнэлт хийж байгаа хэрэг. Халаалтаас гарч байгаа энэ хэмнэлтийг сургууль төгсөж байгаа хүүүхдүүдийн цахимаар хичээлээ үзэж, ЭЕШ-д бэлтгэхэд зориулна” гэлээ.

Өнөөдрийн байдлаар Сайнцагаан суманд үйл ажиллагаа явуулдаг халаалтын “Дундговь-Ус” ОНӨҮГ, “Ган илч” ХХК, “Тэвшийн говь” ХХК халаалтын үйл ажиллагаагаа зогсоосон байна. 

Холбоотой мэдээ